Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын парламентын гишүүн ДАШТ-ий үеэр гадаадынхантай унтахгүй байхыг хүүхнүүддээ анхааруулав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын парламентын доод танхимын гишүүн, Гэр бүл, Эмэгтэйчүүд, Хүүхдийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Тамара Плетнева өчигдөр “Говорит Москва” радио станцаар ярихдаа нутаг нэгт бүсгүйчүүддээ анхааруулга, зөвлөгөө өгсөн байна.

Хөлбөмбөгийн ДАШТ эхлэхийн урд өдөр тэр ярихдаа Орос эмэгтэйчүүдийг гадаадын эрчүүдтэй аль болох сэкс хийхгүй байхыг анхааруулжээ.

Тэр эрлийз хүүхэдтэй ганц бие эхчүүдийн зовлон бүр Зөвлөлтийн үеэс байсаар ирснийг сануулаад “бүр аргагүйдвэл ижил өнгийн арьстай эртэй дотносох”-ыг зөвлөсөн байна.

Плетнева “Хэрвээ өөр арьстай хүний хүүхэд бол байдал маш хэцүү болно. Би үндсэрхэг үзэлтэн биш. Гэхдээ эхтэйгээ хаягдаж үлдсэн хүүхдийн зовлонг би сайн мэднэ” гэж ярьжээ.

Өнөөдөр эхлэх хөлбөмбөгийн ДАШТ нь Оросын 11 хотод сар орчим үргэлжлэх бөгөөд энэ үеэр олон зуун мянган жуулчин гадаад орнуудаас ирэх юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty