Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

АмЧам Монголын VI сарын бизнес уулзалтад бие даасан судлаач, нийтлэлчид оролцож “Монгол Улсын хөгжлийн шийдлүүд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

ikon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN

Монгол дахь Америкийн Худалдааны Танхимаас (АмЧам Монгол) зохион байгуулсан сар бүрийн Бизнес уулзалтад бие даасан судлаач, нийтлэлчид оролцлоо.

Шангри Ла зочид буудалд болсон тус уулзалтын панел хэлэлцүүлэгт Нэпко Паблишинг компанийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр (Баабар), Дефакто Институтын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Сант Марал сангийн дарга Л.Сумати нар уригдан оролцож, “Монгол Улсын хөгжлийн шийдлүүд” сэдвээр санал бодлоо хуваалцлаа. Уулзалтад АмЧамын гишүүн байгууллагуудын төлөөлөл, дотоод болон гадаадын хөрөнгө оруулагчид, гадаад улсын дипломат төлөөлөгчид хүрэлцэн ирж панелистуудын санал бодлыг сонсож сонирхсон асуултдаа хариулт авлаа.

 

АмЧамын ТУЗ-ийн дарга Стив Поттер уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:

“АмЧам сүүлийн саруудад бизнес уулзалтаараа өндөр төвшний засгийн газрын төлөөлөгчдийг урьж оролцуулсан бөгөөд өнгөрсөн сард хувийн хэвшлийн төлөөлөлтэй хэлэлцүүлэг өрнүүлэн бизнес эрхлэгчдийн өмнө тулгарч буй сорилтууд, шийдвэрлэх арга замын талаар ярилцсан билээ.
Өнөөдрийн уулзалтаар Монгол улсын хөгжлийн өнөөгийн байдал болон ирээдүйн шийдлүүдийг эрэлхийлэхээр Монголчуудын сайн таних, хөгжлийн тулгуур салбаруудаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг бие даасан судлаач, нийтлэлч эрхмүүдийг урин оролцуулж байна” гэв.

Нэпко Паблишинг компанийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр Монгол Улсын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ

“Нүүдэлчний соёлоос социализм, популизм хүртэл бид улс орны хувьд хувьсан өөрчлөгдсөөр байна. Ирээдүйн талаар би хойч үедээ итгэж байгаа болохоор өөдрөгөөр харж байгаа” гэлээ.
 

Дефакто Институтын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан төр-хувийн хэвшлийн диалоги, Монгол улсын хөгжилд хувийн хэвшлийн гүйцэтгэх үүргийн талаар

“Төр, хувийн хэвшлийн хоорондох харилцаа ил тод, нээлттэй байх хэрэгтэй ба энэ байдлыг хангахын тулд төрийн байгууллагын төлөөллийг оролцуулдаг АмЧамын бизнес уулзалт гэх мэт талбарууд чухал ач холбогдолтой” гэв.
 

Монгол Улсын хөгжилд тулгарч буй бэрхшээлийн талаар Сант Марал сангийн захирал Л.Сумати

“Баян ядуугийн ялгаа ихсэн нийгмийн дунд давхаргын эзлэх орон зай багассанаас нийгмийн тэнцвэр алдагдаж байна. Манай нийгмийн дундаж давхарга нийтийн салбарт зүтгэдэг, түүнээс хамааралтай хэсэг байдаг тул төсвийн алдагдал зэрэг асуудлууд тэдэнд хамгийн хүндээр тусдаг” хэмээн дүгнэн хэлэв.
 

Уригдан оролцсон панелистууд уулзалтын төгсгөлд Монгол улсын ирээдүйг өөдрөгөөр төсөөлж буйгаа илэрхийлээд хойч үедээ итгэл дүүрэн байгаагаа дурдлаа.

Ноён Д.Жаргалсайхан энэ үеэр мөн Монгол улсын ирээдүй ба хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл нь технологийн дэвшил, мэдээллийн технологийн салбар байх болно гэж үзэж байгаа хэмээв.

 

АмЧам Монголын тухай


АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд т атах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.
АмЧам Монгол нь 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ѐсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.