Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ шинэ “элчин сайдын яам”-аа Тайваньд нээлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Мягмар гарагт АНУ өөрийн дефакто элчин сайдын яамыг Тайваний нийслэлд нээсэн нь тус арал улсыг Вашингтон цаашид дэмжих бодлогын илрэл боллоо.

Нийт $250 саяын зардлаар боссон дөрвөн давхар барилгыг нээх ёслолд АНУ болон Тайваний албаныхан оролцсоны дотор Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн байжээ.

"The American Institute in Taiwan" нэртэй байгууллага уг барилгад байрлах юм. 10 жилийн турш барьсан уг барилга Тайваний арал дээрх хамгийн бат бэх, аюулгүй байгууламж болж байгаа гэнэ. Барилгыг дэлбэрэлтэд тэсвэртэй материалаар босгосон юм байна.

Нээлтийн ажиллагаанд оролцсон АНУ-ын боловсрол, соёлын хэрэг хариуцсан төрийн нарийн бичгийн даргын туслах Мэри Ройс “Уг барилга өөрийг нь бүтээсэн ган хийц, төмөр бетон, шилнээс илүү хүчтэй агуулга илэрхийлж байна. Шинэ оффисын байгууламж нь АНУ-Тайваний 21 дүгээр зууны бат бэх түншлэлийн билэгдэл юм” гэж хэлжээ.

Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн мөн уг байгууламжийг Вашингтон, Тайпэйн хамтын ажиллагааны цаашдын ирээдүйг билэгдэж байгааг онцолсон байна.

2016 онд болсон сонгуулиар тусгаар тогтнолыг дэмжигч Цай Ин Вэн ерөнхийлөгч болсноор Хятад-Тайваний харилцаа хамгийн доод түвшиндээ хүрээд байгаа. Цай Ин Вэн 1992 оны зөвшилцөл гэгддэг “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрдөггүй. Уг зөвшилцөл ёсоор Тайвань нь эх газрын Хятадын нэг хэсэг юм.

Сүүлийн үед Тайванийг дэлхийн тавцан дээр ганцаардуулах бодлогыг Бээжин хүчтэй явуулж байгаа. Харин өнөөдрийн арга хэмжээ нь Вашингтон Бээжингийн бодлогыг сөрж, тусгаар тогтносон Тайванийг дэмжихийн илрэл болж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post