Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Африк дүрвэгчдийн завийг Итали, Мальта хүлээж авахаас татгалзаж, Испани зөвшөөрлөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Африк тивээс ирсэн 600 гаруй дүрвэгчийг тээвэрлэсэн хөлөг онгоцыг өчигдөр Итали, Мальта улсууд хүлээж авахаас татгалзсан тул Газрын дундад тэнгист гацаад байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэнгист хэсэг хэсгээрээ хөвж явсан дүрвэгчдийг SOS Mediterranee хүмүүнлэгийн байгууллагын Aquarius хөлөг цуглуулж, Даваа гарагт эрэгт буулгах гэсэн боловч хүлээж авах газар олдоогүй юм.

Харин Испаний эрх баригчид уг хөлгийг Валенсиа хотын боомтод хүлээж авах санал тавьжээ. Гэхдээ одоо байгаа цэгээс Испаний боомт хүрэхэд дахин хэдэн өдрийн аялал шаардагдах тул дүрвэгчдийн амь нас эрсдэлд орно гэж хөлгийнхөн болгоомжилж байна.

Ийм дүрвэгчдийг сүүлийн жилүүдэд Итали улс тогтмол хүлээн авдаг байв. Гэвч Италийн шинээр байгуулагдсан засгийн газрын дотоод хэргийн сайд, дүрвэгчдийн эсрэг үзэлтэй Маттео Салвини зөвшөөрөл өгөөгүй байна.

Салвини эхлээд дүрвэгчдийг хүлээж авахыг Мальта улсаас хүссэн ч тэд хүлээж авахаас эрс татгалзсан юм. Тиймээс Салвини өнөөдөр Франц, Герман, Австри, Бельги, Нидерландын талуудтай утсаар ярилцахаар төлөвлөжээ.

Салвинигийн нам өнгөрсөн гуравдугаар сарын сонгуульд олонхын дэмжлэгийг авч засгийн газар байгуулалцах эрхтэй болсон. Тэд сонгуулийн үеэр Италиас 500,000 гаруй хууль бус дүрвэгчийг нутаг буцаана гэж амлаж байв.

Итали улс 2015 оноос хойш Африкийн дүрвэгчдийн Европ хүрэх гол зам болоод байгаа. Салвинигийн өмнөх сайд хэдийгээр дүрвэгчдэд нээлттэй ханддаг байсан ч Итали улс дангаар зохицуулж дийлэхгүй байгааг Европын Холбоонд байнга мэдэгдэж, тусламж дэмжлэг шаарддаг байжээ.

 

Эх сурвалж: Associated Press