Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

"ОХУ-аас худалдаж авсан 587 вагон дунджаар 16-18 жил ашиглах нөөцтэй гэсэн дүгнэлт гарсан"

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-аас худалдаж авсан 1,000 вагон, зам засварын машины асуудлаар УБТЗ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. 

УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан "Бид өнөөдөр 1,000 вагонтой холбоотой үнэн бодит мэдээллийг өгөх гэж хэвлэлийн бага хурал зарлалаа.

2017 оны эхээр Монгол Улсын эдийн засаг сэргэх тал руу хандаж, тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэл, тээвэрлэлт, ашигт малтмалын эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээл дээр үнэ нь өсөж, хэрэгцээ шаардлага нэлээдгүй гарсан. 

Тиймээс УБТЗ 2017 онд энэ боломжийг ашиглаад 22.8 сая тонн ачааг тээвэрлэсэн. Энэ нь түүхэндээ анх удаа хамгийн дээд амжилтыг тогтоосон. Энэхүү нийт ачааны 17.3 сая тонн буюу 75.8 хувь нь дотоодын болон экспортын ачилтанд ачигдаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнүүд байсан. Тухайлбал, нүүрс, жонш, төмрийн хүдэр, манганы хүдэр гэх мэт бүтээгдэхүүн байсан. Мөн 17.3 сая ачааны 83.1 хувь нь буюу 14.4 сая тонн ачаа нь зөвхөн хагас вагоноор тээвэрлэгдэх ачаа байсан.

Өнөөдрийн байдлаар УБТЗ нийт орон нутгийн болон экспортын ачилтанд шаардлагатай уул уурхайн компаниудын захиалгын 63.4 хувийг нь л хангаж байна. Өнөөдөр өглөө л гэхэд 298 хагас вагоны дутагдалтай байна. 

Тодруулж хэлбэл, Эрдэнэтээс БНХАУ руу нүүрс ачих гээд 50 вагон захиалсан. Гэвч бид нэгийг нь ч хангаж чадаагүй байна. 

Бид өнгөрсөн жил нийт экспортын ачааны 35-40 хувийг нь л вагоноор хангаж байсан. Энэ жил арай нэмэгдэж 63.4 хувийг нь хангадаг болсон.

ОХУ-аас худалдаж авсан 1,000 вагоны 587 нь л өнөөдрийн байдлаар Монгол Улсад орж ирээд УБТЗ-аар үйлчилгээнд явж байна. УБТЗ-д өөрийн эзэмшлийн 1,347 хагас вагон байдаг. Үүний 750 вагоныг нүүрс зөөх хангалтад явуулдаг. Ингээд цаана үлдсэн 650 орчим хагас вагоныг орон нутгийн болон экспортын бусад ачилтад өгөхөөр үнэхээр цаана нь экспортын энэ олон сая тонны захиалгыг хангах боломжгүй болж байна.

Иймээс УБТЗ-ын удирлагууд болон хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооноос гарсан шийдвэрийн дагуу 1,000 вагон худалдаж авах ажлыг зохион байгуулж, тээвэрлэлтэнд эхнээс нь маш шуурхай нийлүүлснээр өнөөдөр тээвэрлэлт сайжирсан байна.

Өнгөрсөн онд бид тээвэрлэсэн ачаагаа энэ жил өсгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Жил болгон УБТЗ-ын тээвэрлэлт 2-3 сая тонн ачаагаар нэмэгдэж байгаа нь зайлшгүй хагас вагон нэмэгдүүлэх шаардлагатай болгож байгаа юм.

Анх бид 1,000 вагон оруулж ирэхээр төлөвлөж байсан бол нийгэмд үүссэн сөрөг үр дагавраас болж одоогоор 587 вагоноо л авчихсан байна. Үлдсэн нь орж ирээгүй байгаа. 

Мөн энэхүү 587 вагоныг худалдаж аваад, оруулж ирж засвар үйлчилгээ хийсэн бүх зардал нь 16.2 тэрбум төгрөг болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар эдгээр 587 вагон 16.9 тэрбум төгрөг УБТЗ-д оруулчихаад байна. 

Тэгэхээр бид жил хүрэхгүйн хугацаанд 587 вагоныг ашиглаад 700 сая төгрөгийн ашиг олчихсон байна. Энэ вагонууд өөрийн өртгөө хагас жилийн хугацаанд нөхчихсөн байна. 

Энэ ажил Монгол Улсын эдийн засагт томоохон хэмжээний өсөлт авчирсан гэдгийг онцлон хэлмээр байна.

Цаашид бидэнд дахиад 1,400 ширхэг хагас вагон шаардлагатай байна. Ямар учиртай гэхээр манай 347 хагас вагоны ихэнх нь олон жил ашиглагдсан. Эдгээрийг нөхөх шаардлагатай байна. Түүнчлэн, олон том ачилтын захиалга байнга орж ирж байгаа. Захиалгыг бүрэн хангахын тулд 1,400 ширхэг хагас вагон шаардлагатай байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.

"Вагонууд дунджаар 16-18 жил ашиглах нөөцтэй байна гэсэн дүгнэлт гарсан"
 
Гэрэл зургийг Mpa.mn

УБТЗ-ын вагоны аж ахуйн албаны дарга Л. Болд "ОХУ-аас орж ирсэн 587 вагонууд 22 жил тээвэрт аялсан, 1-2 жил ашиглаагүй зогсож байсан вагонууд юм. Эдгээр вагонуудад бид Монгол Улсын стандартын дагуу техникийн оношилгоо, засвар хийсэн. Вагон бол өргөн хэрэглээний, олон жил ашиглагдах зүйл. 

Тийм учраас вагоны аюулгүй байдал төмөр зам дээр системчлэгдсэн байдаг. Вагоныг засварт гүйлтээр болон хугацаагаар оруулдаг дүрэмтэй. Стандартын хувьд ачааны вагон Монгол Улсын төмөр замын тээвэрт 30-32 жил ашиглах заалттай. Уг вагонууд 1992-1995 оны хооронд үйлдвэрлэгдэж ашиглалтад орсон. Монгол Улсын тээвэрт 3-7 жил ашиглах бололцоотой байсан. 

Эдгээр вагонуудад бид ШУТИС-ийн металл сорьцын лабораторитой хамтарч ашиглалтын нөөцийн туршилтын ажил хийлгэсэн. Дүгнэлт вагон бүр дээр гарсан. Дунджаар 15.5-17.9 жил ашиглагдах нөөцтэй байна гэсэн. Мөн гагнуур, эдэлгээ хэвийн байна гэсэн дүгнэлт гарсан" гэв.