Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Ким хоёрын санаа нийлдэг цэг: ХЭВ МАЯГ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хоёр хоногийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Сингапурт түүхэн уулзалтаа хийх гэж байна.

Тэдний хооронд насны зөрүү, улс төрийн үзэл бодлын зөрүү их байдаг ч нэг зүйл дээр гарцаагүй санаа нийлдэг байна. Энэ нь тэдний хувцаслалт, биеэ авч явах хэв маяг юм.

Дэлхийн хэвлэлүүд тэдний уулзалтыг маш олон талаас нь үзүүлнэ. Тэдний амнаас унасан үг бүр, биеийн дохио зангаа, уур амьсгал гээд бүх зүйл анхаарлын төвд байх нь гарцаагүй. Тэгвэл бас нэг сонирхолтой сэдэв нь тэдний хувцаслалт юм. Жишээ нь Ким Жон Ун алдарт Мао маягийн хослолоосоо энэ удаа салах эсэх нь анхаарал татаж байна.

Ингээд хоёр удирдагчийг нэгтгэдэг зарим хэв маягийг үзүүлье.

 

Үсний засалт

Тэднийг улс орнуудын төрийн тэргүүн нараас хамгийн этгээд хачин үс засалттай удирдагчид гэдэг. Трамп толгойн халзарсан хэсгээ нуухын тулд үсээ хэв оруулж тогтооход багагүй хүчин чармайлт гаргадаг гэдэг юм.

Зарим нь түүнийг парик буюу хиймэл үс зүүдэг гэж хардах нь бий. Энэ оны эхээр Трамп нисэх онгоцондоо суухаар явах үед дэгдсэн хүчтэй салхи түүний үсний нууцыг дэлгэсэн юм. Тэр үнэхээр үснийхээ урт ургасан хэсгээр халзарсан хэсгээ халхалж, тогтоодог нь батлагдсан байна.

 

Ким Жон Уны үсний хэв маяг бас давтагдашгүй. Трапец хэлбэрийн энэхүү этгээд үсний засалтыг хүн бүр сонирхоод байдаггүй.

 

Хэрвээ тэд сар бүр үс арчилгаандаа хэр их зардал гаргадаг, ямар арга техник хэрэглэдгээ хуваалцвал сонирхолтой мэдээлэл болох юм.

 

Хослол

Олон зүйлд санаагаа зовоохгүйн тулд цөөн төрлийн хувцас өмсөхийг эрхэмлэдэг хүмүүс байдаг. Тэгвэл Трамп, Ким хоёр тийм төрлийн хүмүүс юм.

Ким Жон Уны үндсэн хувцас нь Мао загварын гэгддэг Хятадын коммунистуудын дүрэмт хувцас болсон хослол. Тэр хар болон саарал өнгийн ийм хослол дээр үнэтэй бугуйн цаг, энгэрийн тэмдгээр гоёдог.

 

Дональд Трамп Италийн Brioni хийцийн хар хөх хослол, Бүгд Найрамдах намынхаа билэгдэл болсон улаан зангианаас салах дургүй.

Мөн энгэртээ АНУ-ын далбаатай тэмдэг зүүж гангардаг.

 

Brioni нь мөнгөтэй хүмүүсийн өмсөх дуртай брэнд. Хэдийгээр үнэтэй хослол боловч Трампын хэт урт зангиа, хэлхгэр өргөн өмд нь түүний мэдрэмж тааруу болохыг харуулдаг. 

Ялангуяа Ким, Трамп хоёрын өмдний өргөн тэдний ижил таашаалыг харуулж байна.

 

Чөлөөт хувцаслалт

Хоёр удирдагч дээр дурдсан албаны хувцаснаасаа салсан байх нь ховор харагддаг. Ким Жон Ун хааяа дотоодын эдийн засгийн салбаруудтайгаа танилцаж явахдаа цагаан өнгийн богино ханцуйтай цамц, нарны бүрх малгай өмссөн харагддаг. Гэхдээ тэр энэ үедээ ч энгэртээ эцэг, өвгөдийнхөө дүртэй тэмдэг зүүхээ мартдаггүй.

 

Трамп бас чөлөөт цагаараа зөвхөн гольфийн хувцас өмссөн байгаа харагддаг. Ингэхдээ тэр өөрийн эзэмшлийн Мар-A-Лаго гольфийн клубын логотой цагаан цамц, улаан малгай өмсөж, амралтын үеэрээ ч хувийн брэндээ сурталчлахаа мартдаггүй юм.

 

 

Эх сурвалж: South China Morning Post