Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Путины хүзүүнд “алтан гинж” зүүж, Трамп Оросыг G7-д нэмэхийг уриалав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Оросуудын хувьд таатай өдөр байлаа. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад айлчлан ирсэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд Хятадын төрийн тэргүүн тус улсын анхны “найрамдлын медаль”-ийг гардуулжээ.

Хүзүүний маш том алтан зүүлтийг Хятадын хөгжилд хувь нэмрээ оруулсан, дэлхий дахинд энх тайвныг тогтооход гарамгай гавьяа байгуулсан хүмүүст олгож байхаар болсон байна.

Шагнал гардуулах үеэр Ши Жиньпин “Ерөнхийлөгч Путин бол дэлхий дахинд нөлөө бүхий агуу орны удирдагч юм. Тэр бол миний хамгийн сайн, хамгийн дотны найз нөхөр” гэж хэлжээ.

Үнэхээр тэд төрийн тэргүүний хувиар нийтдээ 20 гаруй удаа уулзсан юм байна. Саяхан Хятадын мэдээллийн сувагт ярицлага өгөхдөө Путин Ши Жиньпинийг төрсөн өдрөө хамт тэмдэглэсэн цорын ганц төрийн тэргүүн гэж онцолж байсан юм.

Тэд 2013 онд Бали аралд болсон APEC-ийн уулзалтад оролцохдоо Путины 61 насны төрсөн өдрийг тэмдэглэн хундага тулгаж байсныг ОХУ-ын ерөнхийлөгч дурсаж байв.

2017 онд Путин Гэгээн Андрейн одон гэх мөн гоёмсог хүзүүний зүүлт бүхий шагналыг Ши Жиньпинд зүүж өгч байжээ.

Тэгвэл энэ үйл явдлаас хэдхэн цагийн дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гэнэтийн хачин мэдэгдэл хийж өөрийн холбоотнуудыг цочоосон байна.

 

Тэр Их Долоогийн уулзалтад оролцохоор Канад руу нисэхийн өмнө сэтгүүлчдэд ярихдаа “G7 өмнө нь Оросыг багтаагаад G8 гэгддэг байсан. Одоо харин Орос үүнд алга. Үүнд Оросыг багтаах ёстой. Хүмүүс дуртай байх эсэх нь хамаагүй, дэлхийн хэргийг шийдэхэд Орос энд байх ёстой. Энэ бол улс төрийн бодлогын алдаа. Тиймээс бид Оростой хэлэлцээрийн ширээний ард суухын тулд G7-г G8 болгож Оросыг нэмэх хэрэгтэй” гэжээ.

Их Долоогийн 44 дэх дээд хэмжээний уулзалт өчигдөр Канадын Квебек мужийн Ла Малбэйд эхэлсэн юм. Энэ удаагийн уулзалтаар АНУ ба түүний холбоотнуудын хоорондын худалдааны зөрчил маргааныг голлон хэлэлцэх төлөвтэй байна.

Уулзалт эхлэхээс өмнө Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон АНУ-ын зах зээлээ хамгаалах худалдааны бодлогыг шүүмжилж, Их Долоогоос тус улсыг хасаад Их Зургаа бүтцээр явах боломжтойг сануулж байв.

Тэгвэл Трамп эсрэгээр нь Их Долоог Их Найм болгох тухай үг хэлсэн нь энэ юм.

 

Эх сурвалж: Quartz, Russia Today, AP