Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Баруун аймгуудад ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр байна

ikon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN

Улаанбаатар хотоос 1400 гаруй км зайд орших Увс аймгийн Улаангом хотод энэ жилийн Хавдрын эсрэг үндэсний аян эхэлж, эрсдэлт бүлгийн болон хяналтад байдаг иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулж  байна. Долоон жилийн тэртээ буюу 2011 онд анх Эрүүл Монгол хүний төлөө Бид хамтдаа эрүүл амьдралын төлөө уриатайгаар эхэлж байсан тус аян энэ жил ходоодны хорт хавдар өвчний эсрэг онцгойлон чиглэж байна. Учир нь Монгол улсын баруун хязгаар буюу Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад ходоодны хавдрын өвчлөлт улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байдаг тул дээрх аймгуудыг сонгож, анхаарал хандуулж буй юм.

ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг, аймаг бүрт тав хоногийн турш ажиллаж, иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулан, яаралтай үзлэг, эмчилгээ, шаардлагатай мэс ажилбарыг газар дээр нь хийж, улмаар аймгийн эмч нарыг ажлын байранд нь дагалдуулан сургах юм байна. Аяны хүрээнд нийт 7000 орчим эмч мэргэжилтнийг ажлын байрны дагалдан болон мэргэжил дээшлүүлэх, орчин үеийн эмчилгээний чиг хандлагыг эзэмшүүлэх сургалтад хамруулжээ.

 

Хавдрын эсрэг аяны үзлэг оношилгоо хийгдэж байгаа Увс аймгийн Нэгдсэн Эмнэлгээр орлоо. Эмнэлгийн гадна, дотно хөл хөдөлгөөн ихтэй хэдий ч эмчид үзүүлэх дараалал ойлгомжтой, иргэд дугаарын дагуу, эмх цэгцтэй үйлчлүүлж байлаа. Нарийн мэргэжлийн эмч нарын үүдэнд аль чиглэлээр үзлэг хийх болон тухайн өдөр үзлэгт хамрагдах иргэдийн нэрийг гаргаж тавьсан байх бөгөөд нэг эмчид өдөрт дунджаар 40-50 хүн оногдож буй тухай тоон мэдээлэл хэллээ.

Аяны үзлэг оношилгооны үеэр элэгний хорт хавдар хоёрдугаар шатандаа орсон гэж оношлогдсон 48 настай эмэгтэйд ХСҮТ-ийн Ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн яаралтай хагалгааг газар дээр нь амжилттай хийгээд гарч ирж байхтай таарч доорх зүйлсийг тодрууллаа.

-Хагалгаа хэр удаан үргэлжлэв? Одоогоор өвчтөний биеийн байдал ямар байна вэ?

-Хагалгаа гурван цаг гаран үргэлжиллээ. Хавдар элэгний зузаан талд байрласан нь байрлалын хувьд төвөгтэй байлаа. Элэг нь өөрөө нэгэнт эрүүл биш учраас эрүүл элэгний эдийг хангалттай үлдээхгүй бол хагалгааны дараа элэгний дутагдал үүсэх эрсдэлтэй. Иймд энэ хагалгаагаар элэгний 35 хувийг авахыг зорьсон.

Хагалгаанд надтай хамт аймгийн мэс заслын гурван эмч, унтуулгын гурван эмч, хагалгааны хоёр сувилагч гээд нийт есөн хүн ажиллалаа. Зорилгодоо хүрлээ, хагалгаа амжилттай боллоо.

Нэг хүн ч гэсэн Улаанбаатар хотыг зорилгүй, аймаг орон нутагтаа хагалгаанд орж эрүүл болж байгаад баяртай байна. Аймгийн эмнэлэг шинжилгээг хурдан хийж, хамтарч ажилласны үр дүнд өчигдөр оношлогдсон хүн өнөөдөр хагалгаанд орж чадаж байна.

-Манай улсын хувьд аль төрлийн хавдар хамгийн өндөр үзүүлэлттэй байна вэ?

-Улсын хэмжээнд элэгний хавдар хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Увс аймагт эхний өдөр л гэхэд элэгний гурван ч хавдар илрүүллээ. Манай эмч нарын баг таван өдрийн турш ажиллана.

Хавдрын эсрэг үндэсний аян өнгөрсөн долоон жилийн турш хэрэгжихдээ нийт 115,000 гаруй иргэдийг үзлэг, оношилгоонд хамруулсан байдаг. Энэ бол нэг аймгийн нийт хүн амыг хамруулсантэй тэнцэх хэмжээний өндөр тоо. Аян урт хугацаанд тогтвортой хэрэгжиж байгаа учраас үр дүн ч сайн харагдаж байна. Манай ХСҮТ-ийн эмч нар нийт 396 хоногийг энэ аяны хүрээнд үзлэг оношилгоо хийх, яаралтай хагалгаа хийхэд зарцуулсан бол аяныг хамтран хэрэгжүүлдэг ХААН Банк Сангаас 1 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан байдаг.

-Хавдар өвчин ихэвчлэн хэдэн насны хүмүүст зонхилон тохиолдож байна вэ? Энэ аян зорилтот бүлэгтээ хүрч чадаж байна уу? 

-Манай улсад элэг, ходоод, умайн хүзүүн хавдар нийт хавдрын 70 хувийг эзэлдэг. Тэгэхээр энэ  гурван төрлийн хорт хавдрыг хянахад нийт хавдрын 70 хувийг бид хянах боломжтой гэсэн үг. Үзлэг оношилгоо хийхдээ эрсдэл бүлгийн хүмүүсээ системтэйгээр сонгож, оновчтой үзэх нь чухал. Жишээлбэл, нийт элэгний хавдраар өвдсөн хүмүүсийн 90 хувь нь 40-60 болон түүнээс дээш насныхан байна. Гэхдээ элэгний B, C вирусгүй хүн хавдар тусахгүй. Тэгэхээр энэ аяны зорилго бол яг зорилтот бүлгээ сонгож, үзлэг оношилгоонд хамруулах юм. Түүндээ ч хүрч чадаж байна. Иймд шаардлагагүй хүмүүсийг үзэж цаг хугацаа, төсөв  мөнгө дэмий  зарах хэрэггүй.

 

Аян хэрэгжих баруун гурван аймагт Ж.Чинбүрэн эмч өөрийн биеэр очиж, үзлэг оношилгоо хийж ажиллана гэдгээ хэллээ.

Тус аян өнгөрсөн долоон жилийн хугацаанд хэрэгжихдээ зөвхөн Увс аймагт гэхэд л хоёр удаа очиж,  нийт 6000 орчим иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулсан байдаг. Энэ жилийн хувьд ч мөн 2500 орчим иргэнд хүрч үйлчилнэ гэсэн зорилгыг эмч нарын баг тавин ажиллаж байна.

Аяны хүрээнд зөвхөн иргэдийг үзлэг оношилгоонд хамруулаад зогсохгүй аймгийн Нэгдсэн Эмнэлгийн эмч нарыг газар дээр дадлагажуулах ажлыг тогтмол хийж, сургалт, мэдээлэл өгөн зөвлөж ажилладаг.  Хавдрын эсрэг үндэсний аяныг санхүүжүүлэн, хамтран хэрэгжүүлдэг ХААН Банкны хувьд орон нутгийн салбарын ажилтнуудаа сайн дурын идэвхтэн бэлтгэх сургалтад хамруулж, сайн дурын идэвхтэнээр бэлтгэдэг байна. Ингэснээр өнгөрсөн долоон жилийн хугацаанд 2600 гаруй эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэж, тэдгээр нь олон нийт, иргэдэд хавдар өвчний тухай мэдлэг, мэдээллийг түгээх үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

Хавдрын эсрэг үндэсний аяны нарийн мэргэжлийн эмч нарын баг 06-р сарын 11-ний өдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах хуваарьтай бөгөөд Ховд аймагт 06-р сарын 20-ны өдрөөс эхлэн мөн тав хоногийн хугацаатай ажиллах юм.

Манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болоод буй хавдар өвчнийг эрт илрүүлэх, ард иргэдэд эрт оношловол хавдар бүрэн эдгэрдэг өвчин гэдгийг ойлгуулах үүднээс долоон жилийн тэртээ эхлүүлсэн үндэсний хэмжээний тус аян ийнхүү үр дүнгээ өгсөөр байна.

Та өөрийгөө болон гэр бүлээ хавдар хэмээх аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж хэвшээрэй.

Бид хамтдаа эрүүл амьдралын төлөө!

ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН ҮЗҮҮЛЖ БАЙНА