Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Нууцлаг дуу чимээнээс болж тархи нь гэмтсэн Хятад дахь АНУ-ын консулын ажилтныг нутаг буцаалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

2016 онд Кубад АНУ-ын дипломатчдад тохиолдсонтой адил дуу авианы халдлагад өртсөн Хятад дахь консулын ажилтныг өчигдөр гэр бүлийнх нь хамт нутаг буцаажээ.

Гуанжоу хотын консулын газрын ажилтан Марк Лэнзи болон түүний эхнэр хэдэн сарын өмнөөс хачин дуу чимээ сонсох болж, эцэстээ энэ нь тэдний тархи мэдрэлд нөлөөлсөн байна.

Улмаар Лхагва гарагийн орой тэд хүүхдүүдийн хамт АНУ руу буцжээ. Тэдний гурван настай хүү бас ийм халдлагад өртсөн байна. Нууцлаг дуу авиаг хэдэн сар сонссоны дараа тэдний толгой өвдөж, нойргүйдэх болжээ.

Эмч нар тэдэнд өвчин намдаах, нойрны эм өгч байсан гэнэ.

Тэдний амьдардаг байрны хөрш мөн ийм өвчлөлөөр байрнаасаа саяхан нүүсэн байна. Улмаар тэдний эрүүл мэндийн шинжилгээний хариу “тархины хөнгөн гэмтэл” үүссэн гэж гарчээ.

Одоо АНУ-ын төрийн департмент эмч нарын багийг Гуанжоу руу илгээж, бусад ажилтнуудын эрүүл мэндийг шалгахаар болсон байна. Гуанжоугийн консулын газарт 170 орчим хүн ажилладаг ажээ.

2016 онд Кубын нийслэл Хавана дахь АНУ-ын элчинд ийм хэрэг гарахад нийт 24 хүнээс өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн юм. 

Кубын элчингийн ажилтнуудад сонсогдож байсан гэх чимээг сүүлд бичиж авсан байдаг.

Хятадын гадаад хэргийн яам уг хэргийг шалгаад дуу авиаг үүсгэж байгаа ямар нэг эх үүсвэр, шалтгааныг олж чадаагүй гэдгээ тавдугаар сарын 24-нд мэдэгдсэн. Тэд “Хятад улс дипломат, консулын төлөөлөгчдийг хамгаалах Венын конвенцид заасан үүргийнхээ дагуу АНУ-ын болон бусад улсын дипломат ажилтнуудыг үргэлж хамгаалсаар ирсэн” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: South China Morning Post