Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт /100 айл орчимд/ дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй нийт 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Энд зөвшөөрөлгүйгээр элс, хайрганы худалдаа эрхэлдэг 50 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн хүнд даацын 70 гаруй машин, механизм байдаг.
Мөн барилгын үйл ажиллагаа явуулж байгаа цэгүүдэд иргэд, үйлчлүүлэгчдийн нэгдсэн ариун цэврийн өрөө, эрүүл ахуйн шаардлага хангасан хоолны газрууд байхгүй, төвийн цэвэр, бохир усны сүлжээнд холбогдоогүй, баталгаат хүнс, нэгдсэн үйлчилгээний төвүүд байхгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар өнөөг хүрчээ.
Эдгээр нь Нийслэлийн иргэдийн Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн байна. Иймд нийслэлийн төв цэгт орших 100 айл орчмын барилгын материалын худалдааны зах, төвийн үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цэгцлэх, стандарт шаардлагыг мөрдүүлж ажиллах, гар дээрээс болон гадуурх худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.
Энэхүү нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааг сурвалжилахаар 100 айлын “Жоби” барилгын материал худалдааны төвийн үүдэнд НИТХ-ын дарга С.Амарсайхан болон ажлын хэсгийнхэнтэй уулзлаа.
Яг өнөөдрийн байдлаар тус захын гадаа ил задгай худалдаа эрхлэгчдийг цэгцэлж, энэ хавийн барилгын материалын үйлдвэрүүдийг Налайх руу 9 дүгээр сарын 1-н гэхэд нүүлгэж дуусгахаар төлөвлөжээ.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга “Одоогийн байдлаар ил задгай худалдаа эрхлэлтийг цэгцлээд байна. Ил задгай худалдаа нь хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байсан. 100 айл орчим өнөөдөр ямар ямар асуудлууд энд бугшиж байсныг хүн бүр мэдэж байгаа. Бид нэгдүгээр шатны ажлаараа эдгээр асуудлуудыг цэгцэлсэн. Энд орчны бохирдол, хог хаягдал их байсан төдийгүй нэгдсэн төвлөрсөн ариун цэврийн өрөөгүйгээс болоод ил задгай бие засах гэх мэт байдлууд маш их гарч байсан. Харин одоо тодорхой хэмжээгээр энэ асуудлууд шийдэгдэж энд оршин суугчид болон энэ хавиар явч буй хотын иргэдийн эрх ашиг нь илүү таатай болж байна хэмээн бодож байна.
Иргэний бүртгэлийн мэдээллийн төв нь хоёр сарын өмнөөс тодорхойлолт гаргах болон гадаад паспортын олголт зэрэг ажлуудаа дүүргүүд рүү шилжүүлсэн нь 100 айл орчмын замын түгжрэл 40 хувиар буурсан. Өмнө нь Иргэний бүртгэл мэдээллийн төв рүү маш их хөдөлгөөн орж ирдэг байсан.
Одоо бид Налайхын Үйлдвэр Технологийн Парк руу энэ хавийн үйлдвэрүүдийг шилжүүлж тэндээ барилгын материал үйлдвэрлэх боломжийг нь хангаж өгснөөр энэ оны 9 дүгээр сарын 1-н гэхэд үйлдвэрүүд нүүж дуусна.
Бид асуудлыг шийдэн иргэдийнхээ ая тухтай байдлыг хангахын тулд сонгогдож гарсан хүмүүс. Харин 100 айл орчмын энэ эмх замбараагүй байдлыг хараад энэ удаад үнэхээр нүдээ аниад өнгөрч чадсангүй. Тиймээс ч одоо зохион байгуулалттай үе шатат ажлуудаа хийгээд явж байна” гэлээ.
НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Хяналт шалгалт эхлээд сар гаруй болж байна. Яг энэ автозамын дагуу нийт 37 ТҮЦ зөвшөөрөлгүй байна. Эдгээр ААН-ийг нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөл гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн.
Суурьшлийн бүсэд чулууны үйлдвэр, төмрөөр дээвэр хийдэг, хаалга цонхны үйлдвэр гэх мэт үйлдвэрлэлийг явуулахыг хориглосон заалт бий боловч энд үйлдвэрлэл явуулж байна. Эдгээр нь тоос шороо, дуу чимээ их гаргадаг.
Мөн иргэд гэр бүлийн хэрэгцээнд газар аваад тухайн газраа зориулалтын бусаар ашиглан барилга барьж үйлчилгээ явуулж байна. Газрын тухай хуулиар бол газрыг зөвхөн зориулалтын дагуу ашиглах, өмчлөх ёстой байдаг. Гэтэл өнөөдөр газраа зориулалтын бусаар ашиглаж буй 46 байгууллага байна. Иймд бид газрын албатайгаа хамтраад өмчилсөн газраа зориулалтын дагуу ашиглахыг шаардсан.
Иргэд 100 айлыг бүхлээр нь нүүлгэх гэж байгаа юм шиг буруу ойлголт аваад байна. Тийм биш хуулиар зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа явуулах эрхгүй газруудыг л цэгцэлж байна. Тэрнээс зөвшөөрөлтэй худалдааны төвүүд болон барилгын материалын захуудын үйл ажиллагааг хориглосон зүйл хэрэгжүүлээгүй” гэв.
Харин энэ тал дээр зарим иргэд эсэргүйцсэн байр суурьтай байв.
Иргэн Н.Энхтуяа “Би энд 20 жил зогсож ойр зуурын хэрэгцээний юм зардаг. Гэтэл одоо надад наймаагаа хийх боломж алга. Өдөржин энд ирээд хэдэн цагдаа нарыг царайчлаад зогсож байна. Ардаа нялх хүүхэдтэй амьдралаа наймаагаараа залгуулдаг олон хүмүүс сүйрч байна” гэв.
Мөн өөр нэгэн худалдаа эрхлэгчээс энэ байдалд хэрхэн хандаж талаар байр суурийг нь тодрууллаа.
Барилгын захын худалдагч эмэгтэй “6 дугаар сарын 15-н гээд л зам хааж засвар хийнэ гэсэн сураг сонссон. Зам хаагдахаар ихэнх хүмүүс орж ирж чадахгүй худалдан авалт багасана гэсэн үг. Энэ нь бидний түрээс төлөхөөс эхлээд бидэнд хүндрэлтэй байдалд орно гэсэн үг” гэсэн юм.
НИТХ-ын дарга С.Амарсайхан “ Энэ бол зөвхөн 100 айлын хэдэн худалдааны төв бизнес эрхлэгчдийн асуудал биш болоод байна. 2008 онд баталсан ерөнхий төлөвлөгөө өнөөдөр хүртэл хэргжээгүй. Өөрөөр хэлбэл, 100 айл орчимд 12,000 айл өрхийн орон сууц баригдах байсан боловч 10 жилийн хугацаанд ердөө 10-хан хувьтай хэрэгжиж байгаа. Тиймд хот төлөвлөлтийнхөө ерөнхий бодлогыг дагаж хэрэгжүүлж байж Улаанбаатар хот төлөвлөлтийнхөө дагуу хөгжих боломж бүрдэнэ.
Мөн 100 айл орчмын оршин суугчдийн орчин нөхцөлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг төвлөрсөн газар явуулж газар талбайн асуудлыг нь шийдвэрлэж өгөх гэх мэтээр бүх талын эрх ашгийн оролцоог хангаж 100 айл орчмын асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн нэгдүгээр улиралд тогтоол шийдвэр гараад одоо төлөвлөгөөний дагуу явж зохицуулагдаж байна. Цаашлаад зам дэд бүтцийг сайжруулах, орон сууцны 7 дугаар хорооллын төслийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх гээд олон асуудал энэ хүрээнд шийдэгдэж хийгдэнэ.
Энд үйдвэрлэл үйл ажиллагаагаа явуулж байна. Энүүгээр явахад шохой, будаг, чулууны үйлдвэр гээд байгаа учир бид үйлдвэрийг үйлдвэрийн паркийн орчинд үйл ажиллагааг нь явуулах орчин боломжийг бүрдүүлэх үүднээс Үйлдвэр Технологийн Паркийн зам дэд бүтцийн асуудлыг татах асуудлыг шийдэж байна. Тэнд төвлөрсөн байдлаар үйлдвэр үйлчилгээгээ явуулах боломж нь бүрдэнэ. Одоо бид суурьшлийн бүс үйлдвэрийн бүсээ ялгаж салгах цаг нь болсон. Хийе гэвэл арга олон хийхгүй гэвэл шалтаг олон. Шалтаг тоочоод суугаад байвал юу ч хийгдэхгүй, дээрээс нь бид хөгжил яриад сайн сайхан амьдрал хүсээд ч хэрэггүй. Иймээс л бид энэ дээр шийдэл гаргаад шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд явж байна. Үр дүн гарч байна.
Энд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс Үйлдвэр Технологийн Парк дээр очоод төвлөрсөн байдлаар үндсэн бизнесээ эрхлээд явах боломж бүрдэж байгаа. Харин энэ байгаа газартаа өндөр зэрэглэлийн барилга байгууламж үйлчилгээний зориулалт бий болгож ажиллаад явбал үнэ цэнэ нь ч өснө тэр хэмжээгээрээ хотын өнгө үзэмж болон иргэдийн амьдрах орчин сайжирна” хэмээн тайлбарласан юм.
Харин ажлын хэсгийн гишүүд дараах 3 үе шаттай ажлыг 2018-2020 онд хийхээр төлөвлөжээ
Үүнд:
1 дүгээр үе шат
2 дугаар үе шат:
3 дугаар үе шат:
Одоогоор ажлын хэсэг эхний үе шатаа хэрэгжүүлж дуусгаад хоёр дахь үе шат руугаа орж эхлэхэд бэлэн болсон гэсэн мэдээлэл өгсөн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!