Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Баярмаа: Балетаар тогтмол хичээллэхэд хөлний гажиг болон буруу хэлбэр засагдах боломжтой байдаг

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монголын балет сонирхогчдын дунд завгүй өдрүүд өнгөрч байгаа билээ. Хоёр хоног үргэлжилсэн Монголын үндэсний балетын улсын уралдааныг залгаж Олон улсын балетын анхдугаар уралдаан өнөөдөр эхэлж байгаа юм.  

Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ бага наснаас нь сонгодог урлагаар хичээллүүлэх сонирхол их байгааг хоёр өдөр үргэлжилсэн Монголын үндэсний балетын тэмцээнээс  харж болно. Монголын үндэсний балетын улсын уралдаан 4 насны ангилалд хоёр өдөр УДБЭТ-т болсон юм. Хамгийн өхөөрдөм бүжигчид 5-8 насны багийн төрөлд оролцож буй  бүжигчид байлаа. 

“Монголын балетын хөгжил сан”-гийн судалгаагаар балетад 1,000 хүн суралцаж, 2,000 гаруй хүн сонирхдог аж. Тэгвэл “Монголын үндэсний балет”-ын улсын уралдаанд 5-8 насны ангилалд шавь нартайгаа оролцсон “Tulip” сургалтын төвийн балетын  багш  Т.Баярмаатай хэсэг хором ярилцсан юм.

- Монголын үндэсний балетын тэмцээнд 5-8 насны ангилалд хүүхдүүдээ бэлдэж оруулсан байна. Ер нь балетаар хичээллэснээр хүүхдэд ямар ач холбогдолтой вэ? 

Эцэг эхчүүдийн хувьд охидоо дөрвөн наснаас эхлэн балетаар хичээллүүлэх сонирхол их байдаг. Зөвхөн балетын бүжигчин болгоно гэхээс илүү бие бялдрын хувьд зөв хүмүүжүүлж, тэсвэр хатуужилтай болгохоор зорьдог. Мөн балетаар тогтмол хичээллэхэд хөлний гажиг болон буруу хэлбэр засагдах боломжтой байдаг. 

Яг одоо бага насны хүүхдүүдэд элбэг тохиолдож байгаа төрөлхийн өвдөгний  ар, шагайны ар талын шөрмөс татдаг, өлмий дээрээ явдаг, өвдөг нь газар хүрэхээрээ өвддөг гэх мэт зовиуртай хүүхэд маш их ханддаг.  Гэвч балетаар хичээллээд өргөс авсан юм шиг арилахгүй ч удаан хугацааны турш булчингаа суллах,  сунгах дасгалыг хийснээр эдгэх боломжтой. Маажиг засах бол тухайн хүүхэд  удаан тууштай байж чадвал маш хурдан засарна. Зөвхөн хүүхэд гэлтгүй том болсон ч шилбэний буруу хөгжилтэй хүмүүс ч балетын дасгал, өлмий дээр гарах дасгалыг зөв тогтмол хийснээр засах боломжтой байдаг. 

Энэ жил зохион байгуулагдсан “Монголын үндэсний балет” хоёрдугаар уралдаанд 140 хүүхэд 4 насны ангилалд өрсөлдсөн юм. Бяцхан бүжигчдийг халамжилж эцэг, эхчүүд ч завгүй байлаа. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдээ яагаад  балетаар хичээллүүлэхээр шийдсэн бэ? гэх асуултад ингэж хариулсан юм.

О.Энхжингийн аав Р.Одхүү: 

 

- Ихэнх хүмүүсийн хувьд хүүхдээ IQ-гийн сургалт эсвэл сорабан сампин гэх мэт оюун ухаан хөгжүүлэх сургалтанд явуулдаг. Бидний хувьд охиноо гоо зүйн  мэдрэмжийг илүү хөгжүүлэхийн тулд балетаар хичээллүүлж эхэлсэн. 

Дөрвөн настайгаасаа хойш дөрвөн жилийн турш үндэсний балетын төвд хичээллэж байна. Одоо биеэ маш цэгцтэй авч явдаг. Зөвхөн гоо зүйгээс гадна харилцааны болон бусад олон төрлийн  төлөвшлийг олж авдаг гэж бодож байна. 

н.Амин-Эрдэнийн ээж О.Ганцэцэг:

 

- Манай охин балетаар хичээллээд 6 сар орчим болж байна. Өмнө нь Спортын төв ордонд гимнастикийн дугуйланд явдаг байсан. Балет бол сонгодог урлаг. Эмэгтэй хүн учраас бие бялдрын хөгжил, биеэ авч явах гээд их олон зүйлийг эерэгээр хөгжүүлж чаддаг учраас балетаар  хичээллүүлэхээр болсон. Найзуудтайгаа харьцуулахад богинохон хугацаанд хичээллээд багийн төрөлд анх удаа уралдаанд орсон.  УДБЭТ-ийн тайзан дээр балет бүжиглэхийг харах маш сайхан байлаа.

н.Гоодарийн  ээж Д.Сүгирмаа:

 

- Балет бол орчин үеийн чиг хандлага гэж бодож байна. Хамгийн гол нь эмэгтэй хүнд байх шинжийг хамгийн их агуулж чаддаг урлаг юм. Балетын хөдөлгөөн дасгал бүх зүйлс их таалагдсан. Тиймээс охиноо гурван жил балетаар хичээллүүлж байна. Бүх талаар дэмжиж хамтдаа байхыг хичээдэг. Энэ хугацаанд  олон улсын тэмцээнд хоёр удаа оролцсон. Балетаар хичээллэж эхэлснээс хойш бие нь уян налархай  болж биеийн хөгжил шал өөр болсон. Жирийн үед амралтын хоёр өдөр 2-3 цагийн бэлтгэл хийдэг. Зуны хугацаанд бол хөдөө явуулж амраахыг хичээдэг. Тасралтгүй балетын дасгал хийхгүй  үед сунгалт нь алдагдчихдаг юм шиг санагддаг.

Балетын урлаг хүүхдэд урлагийн, гоо зүйн, бие бялдар, сэтгэл зүйн хувьд олон чадварыг олгодог

Балетаар хичээллэх нь ямар ач холбогдолтой болох талаар Соёл урлагийн их сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн найруулах урлагийн багш Д.Алтантуяагаас тодруулсан юм. 

- Балетын урлаг олон урлагийг нэгтгэсэн бие бялдрын хувьд болон гоо зүйг өөртөө шингээж чадсан байдаг. Тиймээс хүүхдэд урлагийн, гоо зүйн, бие бялдар, сэтгэл зүйн хувьд олон чадварыг олгож чаддаг.

Бүжиглэх, жүжиглэх, өөрийгөө таньж нээх, эмх цэгцтэй байх, хүмүүжил, ёс суртахууны хувьд ч гэсэн олон талын хүмүүжлийг сэтгэлгээг бий болгож байдаг нандин урлаг юм. Энэ урлагт өсвөр наснаасаа эхлээд суралцаж хичээллэж үр өгөөжийг мэдэрч буй их олон хүн байгаа нь сайшаалтай юм.  

Бүжгийн олон сургуулиуд бий болж байна. Цаашдаа чанар чансаа  нь сайжран гэдэгт итгэлтэй байна. Бид бол хөгжлийнхөө төвшинд хөгжиж байна. Зарим нь  сонирхогчийнхоо төвшнөөс хараахан гарч чадаагүй байна.

Гэхдээ Монголын балетын хөгжилд өнөөдөр балетаар хичээллэж буй хүүхдүүд ирээдүйн мундаг балетын жүжигчин болох эхлэл нь тавигдаж байна гэж бодож байна.