Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Гэртээ хар тамхи “үйлдвэрлэж” байсан 23 настай иргэнийг баривчилжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хар тамхины төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар гэртээ тарьж ургуулсан хоёр иргэнийг Цагдаагийн байгууллага илрүүлэн баривчилжээ. Монгол Улсын иргэн, 23 настай Б, 28 настай Т нарыг энэ сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баривчилж, гэрээс нь мансууруулах төрлийн их хэмжээний ургамал хураан авчээ. 

Хар тамхитай холбоотой хэрэг сүүлийн үед нэмэгдэж байгаагаас гадна энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл шаардлагатай байгааг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр дурдсан. 

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар зөвхөн тавдугаар сард л гэхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах төрлийн бодис оруулж ирэн тээвэрлэж, худалдан борлуулсан, мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар тарьж ургуулсан 21 холбогдогчтой найман хэрэг үйлдлүүдийг илрүүлэн, таслан зогсоожээ.

Үүний дунд олон нийтийн сүлжээгээр иргэдийн анхаарлыг татаад байсан хэрэг багтаж байна. Тодруулбал, иргэн Ч, иргэн Б-тэй хамтран хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, тээвэрлэж явахад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлсэн барьсан байна. Иргэн, 38 настай Ч нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон, хорих ялаар шийтгэгдэж байгаад энэ оны хоёрдугаар сард ялын хугацаагаа дуусган суллагдсан этгээд байжээ

Мөн 36-41 насны гурван иргэн хар тамхины хэрэгт холбогдон энэ сарын 25-нд Баянзүрх дүүргээс баригдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ гурван иргэний хоёр нь хуулийн байгууллагад ажиллаж байхдаа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бол нэг нь хар тамхины гэмт хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг байсан аж. Төрийн тусгай албан хаагч гэдэг утгаар нь энэ гурван иргэний хэргийг АТГ-т шилжүүлсэн байна. Харин бусад хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Сүүлийн үед цагдаагийн албан хаагч хэрэгт холбогдох, гэмт үйлдлээ нуун дарагдуулах зэрэг хэрэгт холбогдох явдал гарах болсны нэг жишээ нь энэ. Энэ мэт байдлыг арилгаж, дотоод хяналт, хариуцлагаа сайжруулах үүднээс Цагдаагийн ерөнхий газрын дарга тушаал гарган, цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилттэй танилцах, сургалт зохион байгуулах Ажлын хэсэг гаргажээ. 

Энэхүү Ажын хэсэг хөдөө орон нутагт мөн ажиллаж, иргэдтэй уулзаж байгаа юм  байна. Тиймээс цагдаагийн албан хаагчидтай холбоотой хууль бус үйлдэл, санал гомдлоо иргэд мэдээлэхэд нээлттэй бөгөөд дотоод зөрчлийн тухай мэдээллийг 126 дугаарын утсаар авч байгаагаа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдэгдсэн юм.