Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурт уулзалт болдгоороо болж магадгүйг Трамп нэг хоногийн дараа мэдэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сард Хойд Солонгосын удирдагчтай хийх уулзалтаа цуцалж байгааг гэнэт зарласан билээ.

Тэгвэл үүнээс нэг хоногийн дараа буюу Баасан гарагт тэр сэтгүүлчдэд ярихдаа Ким Жон Унтай хийх дээд хэмжээний уулзалт төлөвлөсний дагуу явагдах боломжтой хэвээр байгааг хэлжээ.

Өчигдөр Трамп твиттер хуудсандаа Хойд Солонгос АНУ-тай уулзахад бэлэн хэвээр байгаа гэсэн агуулгатай мэдэгдэл хийснийг сайшаан бичиж байв.

Тэр дараа нь Цагаан ордонд сэтгүүлчдэд хариулахдаа “Бид тэдэнтэй ярилцаж байна. Тэд саяхан маш таатай мэдэгдэл гаргасан. Бүгдээрээ удахгүй юу болохыг харах болно” гээд “Уулзалт 12-ндоо ч болж магадгүй” гэжээ.

Трамп цааш нь “Тэд уулзалт хийх маш их сонирхолтой байна. Бид ч бас хүсэж байгаа” гэж хэлсэн байна.

Дөнгөж урд өдөр нь тэр Ким Жон Унд бичсэн захидалдаа Пёньяны зүгээс мэдрэгдэж байгаа “их уур хилэн, ил тод дайсагнал” төлөвлөгдсөн уулзалтыг цуцлах гол шалтгаан болсныг өгүүлж байв.

Тэгвэл өчигдөр тэр энэхүү дараалсан эсрэг тэсрэг мэдэгдлүүдээ хамгаалж “Бүгд л тоглолт хийдэг шүү дээ” гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

 

Эх сурвалж: Business Insider