Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Малайзын экс ерөнхий сайдын хоосон байрнаас нийт $28.6 саяын бэлэн мөнгө илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр болсон парламентын сонгуульд Малайзын төрийг 60 гаруй жил барьсан улс төрийн хүчин ялагдаж, ерөнхий сайд Нажиб Разак суудлаасаа огцорсон билээ.

Тэр 2015 онд төрийн баялгийн сан 1MDB-ээс олон тэрбум доллар алдагдсан хэрэгт холбогдож, хувийн данснаас нь олон зуун сая доллар илэрсэн дуулианы дараа нэр хүнд нь огцом унасан юм.

Тэгвэл шинэ ерөнхий сайд Махатхир Мохамад тангараг өргөснийхөө дараа Нажибын хэргийг шалгах ажилд шуурхайлан орж байв.

Өнгөрсөн долоо хоногт Малайзын цагдаа Нажибтай холбоотой зургаан орон сууцанд нэгжих ажиллагаа явуулж, 284 ширхэг үнэтэй брэндийн гар цүнх, 72 ширхэг аяны цүнх дүүрэн бэлэн мөнгө, үнэт эдлэл, бугуйн цаг хураасан юм.

Харин өнөөдөр буюу Баасан гарагт Малайзын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Амар Сингх хэвлэлийн хурал дээр Нажибын гэрээс олдсон 72 аяны цүнхний 35-д нь нийт $28.6 саятай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө байсныг илрүүлснээ зарлажээ.

 

“Бид мөнгийг тавдугаар сарын 21-23-ны хооронд тоолсон. Өчигдөр банкныхантай хамтран ажиллаж, нийт мөнгөний хэмжээг гаргалаа. Эдгээр 35 цүнхнээс нийт 114 сая ринггиттэй ($28.6 сая) тэнцэх хэмжээний бэлэн мөнгө байсныг би баталж байна. Үүнд Малайзын ринггит, Америк доллар зэрэг нийт 26 төрлийн валют байсан” гэж Сингх мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө тэр хураагдсан мөнгөний хэмжээг хэлж чадахгүй, зөвхөн “маш их мөнгө” гэж хариулж байсан юм.

Цагдаа нар мөнгийг тоолоход 11 тоолох машин, банкны 22 ажилтныг ажиллуулжээ. Эдгээр мөнгө, үнэт эдлэл бүхий цүнхнүүд орон сууцны Павилион хотхоны нэг байрнаас тавдугаар сарын 18-ны өдөр олдсон байна. Тус байранд тавилга байхгүй, зөвхөн цүнхнүүд хадгалагдаж байжээ.

Уг байр Нажибтай шууд холбоотой эсэхийг шалгаж байгаа гэнэ. Харин экс ерөнхий сайдын өөрийнх нь гэрээс 500,000 ринггит ($125,000) болон бусад гадаад валютууд бэлнээр олдсон байна.

Мөн Нажибын хүү, охины байруудыг нэгжжээ.

Одоо мэргэжилтнүүд үлдсэн 37 цүнхтэй үнэт эдлэл, бугуйн цагны жинхэнэ эсэхийг шалгаж, үнэлгээ хийх ажлыг эхлүүлэхээр болсон байна.

Харин 284 ширхэг үнэтэй брэндийн гар цүнхнүүдийн ихэнх нь Hermes брэндийн тус бүр нь $200,000 хүртэл үнэтэй бүтээгдэхүүнүүд байжээ.

“Бид эдгээр цүнхнүүдийн зургийг Парис руу явуулж, жинхэнэ эсэхийг баталгаажуулсны дараа үнэлгээг нь гаргах болно” гэж Сингх хэлсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Нажиб хувийн дансандаа байсан $10.6 саяын талаар Малайзын авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгсөн юм. Уг мөнгийг 1MBD сангаас гаралтай гэж сэжиглэж байна.

Нажиб Разак 1MDB санг 2009 онд өөрөө санаачлан байгуулж байсан ба 2015 онд түүний хувийн дансанд $700 сая орчим байсныг илрүүлж байжээ. Тухайн үед Саудын Арабын нэгэн язгууртан уг мөнгийг Нажибт хувиасаа хандивласан гэж тайлбарлаж байв.

Одоо 1MDB-ийн $4.5 тэрбумын алдагдсан мөнгөний мөрөөр АНУ, Швейцарь зэрэг хэд хэдэн орны хуулийнхан шалгаж байгаа юм. Энэ мөнгөний зарим хэсгээр Холливүүдэд бүтээсэн “Уолстритийн чоно” киног санхүүжүүлсэн гэх мэдээлэл байгаа ажээ. Нажиб Разакыг Малайзаас гарахыг хуулийнхан хориглоод байгаа юм.

 

Эх сурвалж: Business Insider