Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бас нэг улс дипломат харилцаагаа тасалсны дараа Тайваний ерөнхийлөгч Бээжингийн бодлогыг шүүмжиллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Африкийн Буркина Фасо улс Тайваниас дипломат харилцаагаа тасалж байгаагаа зарлажээ.

Энэ мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэн өөрийнх нь улсын эсрэг явуулж байгаа Бээжингийн бодлогыг цаашид тэвчихгүй гэдгээ мэдэгдсэн байна.

 Өчигдөр мөн тус улсын гадаад хэргийн сайд Жозеф Ву баруун Африкийн энэ улсыг алдсаныхаа хариуцлагыг хүлээж, албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн юм.

Сүүлийн хэдэн долоо хоногийн дотор Тайваниас харилцаагаа салгасан хоёр дахь улс Буркина Фасо болж байна. Энэ сарын эхээр Карибын тэнгисийн Доминиканы БНУ дипломат харилцаагаа Тайваниас эх газрын Хятад руу шилжүүлжээ. Ингэснээр Тайваний арал дэлхий дээр ердөө 17 улстай дипломат харилцаатай үлдэж байна.

Тайванийг ганцаардуулах Бээжингийн гадаад бодлогын хариуд АНУ-тай эдийн засаг, батлан хамгаалах хэлхээ холбоогоо бэхжүүлж, бусад улс орнуудтай харилцаагаа хөгжүүлнэ гэдгээ Цай Ин Вэн амлажээ.

Тэр “Эх газрын Хятад улс Тайваний амин чухал цэгийг хөндлөө. Бид үүнийг цаашдаа тэвчихгүй бөгөөд гадаад ертөнцтэй холбогдохын тулд улам илүү тууштай ажиллах болно” гэсэн байна.

Цай Ин Вэн бас Бээжингийн нэгэн адил долларын дипломат бодлого явуулахгүй, өөрөөр хэлбэл мөнгөөр зодож түнш улс орнуудыг татахгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Харин Бээжинд Хятадын гадаад хэргийн яам Буркина Фасогийн шийдвэрийг сайшаажээ. Тус яамны төлөөлөгч Лю Кан “Бид нэг Хятад бодлогын үндсэн дээр Буркина Фасо улс удахгүй Хятад-Африкийн найрсаг хамтын ажиллагаанд нэгдэнэ гэдэгт итгэж, урьж байна” гэсэн юм.

1949 онд иргэний дайнаар хуваагдсан Тайвань арлыг Хятад улс одоог хүртэл өөрийн нэг хэсэг гэж үздэг. 2016 онд Тайваний ерөнхийлөгчөөр тусгаар тогтнолыг дэмжигч Цай Ин Вэн сонгогдсон нь талуудын харилцааг улам муутгасан юм.

Цай Ин Вэн ерөнхийлөгч болсноос хойш Доминиканы БНУ, Гамби, Сан Томе ба Принсипе, Панам, Буркина Фасо гэсэн таван улс Тайваниас дипломат харилцаагаа салгаад байна.

Одоо Свазиландын бяцхан хаант улс Африк тив дэх Тайваний цорын ганц түнш болж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP