Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ автомашины импортод үндэсний аюулгүй байдлын шалгалт хийж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа АНУ-д гадаадаас импортлодог автомашинууд тус улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа эсэхийг шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн гуравдугаар сард металлын импортод өндөр татвар ноогдуулж байсан шиг арга хэмжээг гадаад үйлдвэрийн автомашинд хэрэгжүүлэх магадлалтай болж байна.

1962 оны Худалдааны Өргөтгөлийн хуулийн 232 дугаар зүйлийн дагуу импортын автомашин, түүний эд ангиуд нь АНУ-ын үйлдвэрлэлийн салбарт муугаар нөлөөлж, шинэ технологи бий болгож хөгжүүлэхэд нь саад болж байгаа үгүйг шалгаж тогтооно гэдгийг Худалдааны яам өчигдөр мэдээлжээ.

Хэрвээ АНУ импортын автомашинд өндөр татвар ноогдуулж эхэлбэл Toyota, Nissan, Honda, Hyundai зэрэг Азийн үйлдвэрлэгчид гол хохирлыг амсах юм.

Япон, Хятад, Өмнөд Солонгосын засгийн газрууд болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн АНУ-ын зах зээлийг өөрийн автомашины чухал хэрэглэгч болно гэж харж байгаа Хятадын засгийн газар өөрийн ашиг сонирхлоо хамгаалахаа илэрхийлжээ.

Дээрх арга хэмжээ нь ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн үеэр амлаж байсан “Америк нэгдүгээрт” хэмээх зах зээлээ хамгаалах бодлогын нэг хэсэг юм.

АНУ бол дэлхийн автомашины хоёр дахь том зах зээл. Вашингтон-Бээжингийн хооронд өрнөхөд бэлэн болоод байгаа худалдааны дайнд энэ арга хэмжээ тос нэмэх нь гарцаагүй.

Ойролцоогоор АНУ-ын импортын автомашины гуравны нэг нь өнгөрсөн онд Ази тивээс нийлүүлэгджээ.

Өнгөрсөн онд АНУ дотооддоо 12 сая машин үйлдвэрлэсэн бол $192 тэрбумын дүнтэй 8.3 сая автомашиныг импортлосон байна. Үүний 2.4 сая нь Мексикээс, 1.8 сая нь Канадаас, 1.7 сая нь Японоос, 930,000 нь Өмнөд Солонгосоос, 500,000 нь Германаас нийлүүлэгдэж байжээ.

Мөн АНУ өөрөө $57 тэрбумын дүнтэй 2 сая орчим төмөр хүлгийг гадаад зах зээлд гаргасан байна.

 

Эх сурвалж: Reuters