Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим бодлогын түр хороо 26 гишүүнтэй байгуулагдлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай”  УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд тогтоолыг эцэслэн баталж, Цахим бодлогын түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

 Улсын Их Хурлын бүтцэд шинээр байгуулагдах Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд уг тогтоолын төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нараас гадна тус Түр хороонд орж ажиллах хүсэлт гаргасан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Ундармаа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, О.Содбилэг, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, А.Ундраа, Ц.Мөнх-Оргил, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Л.Элдэв-Очир гэсэн нийт 26 гишүүнийг оруулах санал мөн дэмжигдсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр төсөлд иргэний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах талаар нэмж оруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.