Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу Толгой" -н ТУЗ-д Монголыг төлөөлдөг Ч.Алтаннар чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Б.Ану
2018 оны 5 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

“Оюу толгой” ХХК-ийн (ОТ) 34 хувийг Монгол Улсын Засгийн газар түүнийг төлөөлж “Эрдэнэс Оюу толгой” ХХК эзэмшдэг. Харин дийлэнх буюу 66 хувийг Туркойз Хилл Ресурс компани эзэмшдэг билээ. 

Хувь нийлүүлэгчийн хувьд "Оюу Толгой" ХХК нь төлөөлөн удирдах зөвлөлийн есөн гишүүнтэй бөгөөд “Эрдэнэс Оюу толгой” ХХК “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гурван гишүүнийг томилох эрхтэй.  Үүнд, Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ч.Алтаннар Монголын Засгийн газрын эрх ашгийг төлөөлж ажилладаг юм. 

Тэд Туркойз Хилл Ресурс компани, Рио Тинто компанийн томилсон ТУЗ-ийн гишүүдийн хамт төслийн болон “Оюу толгой” ХХК-ийн үр өгөөж, ашгийг нэмэгдүүлэх үүднээс тус компанийн менежментийг чиглүүлж, хяналт тавих, үүрэгтэй ажилладаг билээ. 

Сүүлд авсан мэдээллээр Ч.Алтаннар энэхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа аж. Харин түүний оронд энэ албанд очих сонирхолтой олон хүний нэр яригдаж байгааг эх сурвалж хэллээ. Зарим эх сурвалж "Эрдэнэс Монгол"-ийн экс захирал  Ц.Түмэнцогтийг түүний оронд томилж магадгүй гэсэн мэдээлэл явж байна. 

Ч.Алтаннарыг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлж оронд нь өөр хүнийг томилох шийдвэрийг Монголын Засгийн газар гаргах ёстой. 

Зарим эх сурвалж Н.Багабандийг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх тухай мэдээлэл гаргасан ч үүнийг албаны эх сурвалж үгүйсгэлээ. 

Одоогоор Монголын Засгийн газрыг ОТ -д төлөөлж дараах хүмүүс ажиллаж байгаа билээ. 

Нацагийн Багабанди
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

 

Н. Багабанди нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж, Улсын Их Хурлын анхны даргаар 1992 онд томилогдож Монгол Ардын Хувьсгалт Нам (одоогийн Монгол Ардын Нам) -ын даргаар ажиллаж байсан арвин туршлагатай. Тэрээр 2010 - 2013 онд Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сард Оюу толгой ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон байна. Н. Багабанди 1987 онд философийн ухааны дэд доктор эрдмийн зэргийг дүүргэж Украйн, Казахстан, Турк, Япон, АНУ зэрэг улсуудын нэр хүндтэй их дээд сургуулиудаас хүндэт доктор цол хүртсэн юм. 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд олон төрлийн ном зохиол, эрдмийн ажлууд туурвисан эрдэмтэн улс төрийн зүтгэлтэн юм.

Бэгзжавын Мөнхбаатар
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

 

Б.Мөнхбаатар нь Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр 2016 оны 9 дүгээр сард томилогдсон. Тэрээр 2008-2012 онд Улаанбаатар хотын захирагчийн орлогчоор ажилласан. Үүнээс өмнө Б.Мөнхбаатар нь Баянзүрх дүүргийн Засаг даргаар болон, төрийн байгууллагад удирдах албан тушаалд тус тус ажиллаж байв. Б.Мөнхбаатар нь Монгол Улсын Шинжлэх ухаан Технологийн Их Сургуулийг Химийн технологич мэргэжлээр, Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийг Улс төр судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй дүүргэж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Зүүн Лондонгийн Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан юм.

Чинчулууны Алтаннар
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

 

Ч.Алтаннар 2016 оны 9 дүгээр сард Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Тэрээр Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургуульд санхүүгийн дэд профессороор ажилладаг ба өмнө нь АНУ-ын Флоридагийн Их сургуульд туслах профессор, Их Британий Империал Коллеж Лондонд эрдэм шинжилгээний ажилтнаар, Оюу Толгой ХХК-нд бизнесийн ахлах шинжээч, Монгол Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байлаа. Тэрээр 2002 онд МУИС-ийг математикч мэргэжлээр, ШУТИС-ийг санхүүгийн мэргэжлээр төгсч, мөн АНУ-ын Флоридагийн их сургуульд 2005 онд Хэрэглээний математикийн Магистр (M.Sc), 2007 онд Доктор (Ph.D) цол хамгаалсан. Ч.Алтаннар математикийн болон тооцон бодох санхүүгийн чиглэлээр олон улсын түвшинд ном зохиол, эрдмийн ажлууд олныг туурвисан эрдэмтэн юм.