Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

НМХГ: Усан бассейнд цагаар сэлэгчид ЭМ-ийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй усан бассейн, халуун ус, сауны 33 аж ахуйн нэгж байгууллагуудад түүвэрлэн төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. 

Холбогдох хяналтын хуудсуудаар  33 ААН-ийн эрсдлийг үнэлэхэд, 

  • Саун-14.2 хувь нь бага, 85.7 хувь нь дунд эрсдэлтэй, 
  • Усан бассейн-50 хувь нь бага, 50 хувь нь дунд эрсдэлтэй, 
  • Халуун ус-85.7 хувь нь дунд, 14.2 хувь нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Лабораторийн шинжилгээгээр БГД-ийн усан спорт сургалтын төв, Түмэн занги ХХК-ийн усан бассейн, Максложинг ХХК, МЧБС ХХК-ийн  сауны газрын чийрэгжүүлэх сангийн ус нь нянгийн бохирдолтой, Нарантуул шейл ойл ХХК, Халиун төгөл ХХК-ийн усан бассейны ус нь үлдэгдэл хлор бага гарсан нь дээрх газруудын ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэм хангалтгүй, бассейны усыг байнгын эргэлтэд байлгах шахуурга, шүүлтүүр болон халдваргүйжүүлэлтийн тоног төхөөрөмжийн эргэлт, усан сангийн ус бүрэн солигдох хугацаа шаардлага хангахгүй байгаатай холбоотой гэж дүгнэжээ.

Хяналтын хуудсаар илэрсэн нийтлэг зөрчлүүд:

  1. Усан спорт сургалтын төвүүд дотоодын хяналтын лабораторигүй.
  2. Усан бассейн, спорт сургалтын төвүүдэд стандартад заасны дагуу орон тооны аврагч ажилладаггүй.
  3. Усан бассейнд цагаар сэлэгчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байна.
  4. Сауны газруудын байр нь батлагдсан зураг төслөөр баригдаагүй, барилгын суурийн давхрын хийц өөрчилсөн байранд үйл ажиллагаа явуулж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчил гаргасан 10 ААН-д зөрчлийг арилгуулахаар 51 заалт бүхий улсын ахлах байцаагчийн албан шаардлага, 9 ААН-д 37 заалт бүхий албан даалгавар хүргүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Мөн 12 ААН, хоёр иргэнд нийт 5,500,000 төгрөгийн шийтгэл ногдуулан торгуулийг барагдуулж ажиллажээ.