Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярын өөрчлөгдөөгүй үг

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 24
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд асан С.Баяр ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан 43 дахь хоног дээрээ биеийн байдлаас болж хоёрдугаар эмнэлэгт хүргэгдлээ. Тэрбээр Оюутолгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн сэжиглэгдээд буй.

Үүнээс өмнө түүний өмгөөлөгч С.Баярын бие эрс муудаж ужиг өвчнүүд нь хүндэрсэн, хорих ангийн тоосжилтоос шалтгаалан багтраа нь даамжирсан боловч эмчлүүлэх, батлан даалтад гарах хүсэлгүй байгаа талаар ярьж байв. Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд тэрбээр ИБУИНВУ-д суух Элчин сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн жилийн долоодугаар сард гаргасан ч хэдхэн өдрийн өмнө УИХ-аас эгүүлэн татсан юм.

Ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр штаб ахалсан учраас ёс зүйн хувьд зохимжгүй хэмээн тайлбарласан байдаг. Ямартаа ч АТГ-аас дуудсан цагт очиж мэдүүлэг өгөн, цагдан хоригдсон тэрбээр өдийг хүртэл ямар нэгэн хэвлэлийн хурал хийсэнгүй, ил захидал илгээсэнгүй, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэхийг хүссэнгүй. Олон Засгийн газар дамжиж, он удаан жил яригдсан Оюутолгой төслийг хөдөлгөсөн хэмээх алдрын эзэн С.Баяр өөрөө уг төслийг хөдөлгөснөөрөө бахархдаг нэгэн. Өнгөрсөн хугацаанд өгсөн ярилцлага, хэлсэн үгнээс нь харахад түүний байр суурь өөрчлөгдөөгүй өдийг хүрсэн байх юм.

2009.10.06. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх үеэр хэлсэн үг.

-Улс үндэстний хөгжил дэвшилд шинэ ундарга нэмэн ирж байгаа Оюутолгойн эрин зууны бүтээн байгуулалтыг өлгийдөлцөх түүхэн үүрэг хувь заяа бидэнд ногдсонд бид өнөөдөр зүй ёсоор бахархаж байна. Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа.

2014.12.09. Цензургүй яриа нэвтрүүлгийн үеэр.

-Ерөнхий сайд байсныхаа хувьд Оюутолгойн гэрээг баталж чадсан шүү гэдэгтээ одоо хүртэл бахархаж явдаг. Олон хүн энэ үйл ажиллагаанд оролцсон. Бараг зуу гаруй хүн. Гэхдээ улстөрийн шийдвэрийг нь би гаргасан. Монголд энэ гэрээ ашигтай болсон. Тухайн үед Орос, Хятадын нийт хөрөнгө оруулалтаас илүү мөнгөний хөрөнгө оруулалтын гэрээг татаж чадсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.

2016.11.17. Гадаад улсад суух Элчин сайдуудыг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр.

-Оюутолгойн гэрээний тухай хоёр ч гишүүн хэлж байна. Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Үүгээрээ ч би бахархдаг. 40 жилийн өмнө байгуулсан Эрдэнэт, найман жилийн өмнө байгуулсан Оюутолгой хоёр л өнөөдөр Монголыг авч явж байна. Тэтгэвэр тэтгэмж, цалин гэдэг асуудлыг хэлж байгаа байх. Үйл ажиллагаа эрхэлсэн цагаасаа хойш найман их наяд төгрөг хуримтлуулсан.

2017.03.23. ИБУИНВУ-д суух Элчин сайд С.Баяр тус оронд ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа уулзах үеэр асуултад хариулахдаа.

-Энэ намайг яллаад байгаа Оюутолгойн гэрээ бол миний бахархал. Намаа ялчхаад байхад хамтарсан Засаг байгуулж байгаад энэ гэрээг байгуулсан. Энэ төсөл өнөөдөр Монголыг тэжээж байгаа. Жилдээ 300 сая ам.доллар өгдөг өөр газар байхгүй. Гэрээ зурагдсанаас хойш Монголд өгсөн мөнгө нь манай гурван жилийн төсөвтэй тэнцэх мөнгө.

2018.03.20. ITOIM.MN сайтад өгсөн ярилцлагадаа.

-ХХ зуунд “Эрдэнэт”, XXI зуунд Оюутолгой хоёр л хөдөлсөн юм биш үү. Олон юм нуршихгүй, ганц зүйл онцолж хэлье. Оюутолгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна. “Эрдэнэт” үйлдвэрээс ч том татвар төлөгч болсон. Дашрамд хэлэхэд, “Эрдэнэт” үйлдвэр маань эхний 25 жилдээ ерөөсөө ашиг өгөөгүй явсан байдаг юм.

Зураг