Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

21-р зууны хамгийн чухал сорилт бол ХЭРЭГЛЭЭГЭЭ БАГАСГАХ

Б.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Байгаль экологийн асуудал нь 21-р зуунд тулгамдаж буй томоохон сорилт юм. Үүнийг шийдэх гарцын талаар Лондонгийн эдийн засгийн сургуулийн судлаач Жейсон Хикелийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Цөлжилт, хөрсний доройтол, ан амьтны мөхөл, цаг уурын өөрчлөлт гэх мэт байгаль орчны доройтлын тухай мэдээлэл олширч, экологийн сүйрэл болж байгаа нь илт байна. Амьдарч буй гарагийн маань ирээдүй тодорхой биш учир бидний ирээдүй тодорхой бус.

Энэ бүхний шалтгаан нь хүн амын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаатай холбоотой гэж тайлбарлах хүн олон бий. Тэдний үзэж буйгаар буурай орны иргэд хэтэрхий олон хүүхэдтэй болж байгаа нь хүн амын илүүдэл үүсэж, нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа юм.

Үнэхээр ч хүн амын тоо асуудал болж байгаа нь үнэн. Гэхдээ асуудлын гол нь буурай улс орнууд бус баян чинээлэг хүмүүс хэтэрхий олон байгаад оршино.

Харьцангуй хэрэглээ

Эрдэмтэд сүүлийн жилүүдэд мал амьтан, эрдэс баялаг, түлш зэрэг материаллаг зүйлсийн дэлхийн нийт хэрэглээг тооцоолжээ. Тэдний тооцоолсноор хүмүүс жилдээ 80 тэрбум тонн материаллаг эд зүйл хэрэглэдэг байна. Уг нь зохистой хэмжээ нь 50 тэрбум тонн байх ёстой атал бидний хэрэглээ 60 хувиар илүү байгаа юм. 

Хүн төрөлхтөн бид өөрсдөө эх дэлхийгээ сүйтгэсээр байна.  Хэрэгцээ давсан хэрэглээнээс үүдэх хор хохирлыг бид эргэн тойрондоо харж болно. Тухайлбал, зарим ан амьтны тоо толгой цөөрч, устаж байна. Тариалангийн хөрс доройтож, далайн эрэг үхлийн эрэг болоод байна. 

Материаллаг хэрэглээ нь улс бүрт харьцангуй өөр байгаа. Өндөр орлоготой орны иргэд жилдээ 28 тонн материаллаг эд зүйл хэрэглэдэг бол бага орлоготой улсад жилдээ хоёр тонн ч хүрдэггүй ажээ. Жишээ нь, Энэтхэгчүүдийн материаллаг хэрэглээ жилдээ 3.6 тонн  бол дундаас дээгүүр орлоготой Хятад, Бразил зэрэг улсад 12 орчим тонн байдаг.

 

Хэрэв хүн бүрийн хэрэглээ өндөр орлоготой улсынх шиг байсан бол бидэнд  дахиад бараг дөрвөн дэлхий хэрэгтэй гэсэн судалгаа гарчээ. Харин хүн бүр бусад улсын дундаж иргэнийх шиг хэрэглээтэй байсан бол бидний хэрэглээ хангалттай тогтвортой байна. 1990 оноос хойш дэлхий нийтэд жилийн хэрэглээ 33 тэрбум тонноор өсжээ. Харин чинээлэг улсын хүн амын хэрэглээ нь үүний 81 хувийг эзэлж байгаа юм. 

Бид юу хийх ёстой вэ?

Нүүрсхүчлийн хийн ялгарлыг хязгаарласан шиг нэн түрүүнд бид олон улсын хэлэлцээрээр нөөцийн хэрэглээнд хязгаар тогтоох хэрэгтэй. Ингэснээр ашиглаж буй нөөц баялаг бодит утгаараа үнэлэгдэнэ. Мөн хэт их хэрэглээнд торгууль ногдуулах боломжтой.

Хоёр дахь алхам бол хөгжил дэвшлийн хэмжүүрийг өөрчлөх юм. ДНБ-ний оронд бохирдол, байгалийн нөөцийн хорогдол зэргийг тооцох, Бодит Хөгжлийн Үзүүлэлт (БХҮ)-ийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Үүний үр дүнд нийгмийн баялгийг нэмэгдүүлж, байгалийн хор хөнөөлийг багасгах боломжтой.

Одоогийн эдийн засгийн гол зорилго нь зөвхөн өсөлт дээр төвлөрч байна. 20-р зуунд энэ зорилго утга төгөлдөр мэт санагдаж байсан байж болох ч өнөөгийн нөхцөл байдалд үл нийцнэ. Нэн ялангуяа чинээлэг улсуудын хувьд. 

Эх дэлхийнхээ экологи, нөөцөд нийцсэн, бүгдийн сайн сайхны төлөөх эдийн засаг бидэнд хэрэгтэй байна. Энэ бол 21-р зуунд тулгамдаж буй асуудал мөн бөгөөд үүнийг хийх хүмүүс нь бид юм.

 

Эх сурвалж: Weforum.org