Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Амгаланбаатар: "Цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөөх" нэгдсэн тэмцэл үр дүнд хүртэл ХУГАЦААГҮЙ үргэлжилнэ

А.Намуун, iKon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос "Цалин нэмэгдүүлэхийн төлөө" явуулж буй нэгдсэн тэмцлийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хийсэн юм. Тэрбээр тавдугаар сарын 1-нд Улс орон даяар цалин нэмэх хэлэлцээрт орохыг шаардсан жагсаал цуглаанаас хойш үйлдвэрчний эвлэлүүдээс явуулсан үйл ажиллагааг жагсааж танилцууллаа.

2018.05.01 Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017 -2018 оны улсын нэмэлт хэлэлцээр энэ өдрийн 16:00 цагт эхэлсэн. МҮЭ-ийн холбооноос тавьсан шаардлага тодорхой үр дүн шийдэлд хүрээгүй тул завсарлага авав.

2018.05.08 Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа энэ оны II улиралд багтаан 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж жагслаа.

2018.05.11 Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо “Ажил хаялт”-ын өмнөх суулт зарлав. Ажил хаялтын өмнөх суултын эхний өдөр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар, ШУ-ны ҮЭ-ийн хорооны дарга Баясгалан нар оролцсон юм.

2018.05.14 Ажил хаялтын өмнөх суултын хоёр дахь өдөр тус суултанд оролцогчид хүрээгээ тэлж бусад салбарын ҮЭ-ийн холбоод нэгдэв.

2018.05.15 Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017 -2018 оны улсын нэмэлт хэлэлцээр үргэлжилсэн ч Засгийн газрын зүгээс тодорхой шийдэл, санал гаргаагүй тул нэмэлт хэлэлцээ дахин завсарлалаа.

2018.05.16 Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурал энэ өдөр хуралдаж ажил хаялтын өмнөх суултыг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллах болсон юм. Мөн МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 21-ны өдрөөс Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх болсон талаар хэлэлцээрийн оролцогч талууд болох Засгийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд мэдэгдэж албан тоот хүргүүлэв.

2018.05.18 Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой МҮЭ-ийн холбооны удирдлагууд уулзаж үүссэн нөхцөл байдлын явцын талаар мэдээлэл солилцов.

2018.05.21 МҮЭ-ийн холбооны цалин нэмэгдүүлэх шаардлагаа дэмжих ажил хаялтын өмнөх суулт тухайн өдрөөс үргэлжилж байна. Аймаг орон нутагт ажил хаялтын өмнөх суулт хийж хүрээгээ тэлэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг 5 сарын 21-ны өдөр хүлээн авч уулзав. МҮЭ-ийн холбооны удирдлагууд цалин хөлс нэмэгдүүлэх талаар яаралтай арга хэмжээ авахгүй бол иргэдийн дунд бухимдал гарч байгааг дурдаад энэ асуудлыг шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэв.

2018.05.22 МҮЭ-ийн холбооноос ОУВС-ын суурин төлөөлөгч Нейл Сакарт мэдэгдэл, саналыг Ажил хаялтын өмнөх суултанд оролцогчдын хамтаар хүргүүлэв.

МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 22-ны өдөр Төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдүүлэх шаардсан ажил хаялт зарлах талаарх мэдээлэл ирүүлэхийг гишүүн байгууллагуудын дарга нарт тавдугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг даалгалаа.

2018.05.23 Ажил хаялтын өмнөх суулт өнөөдөр ес дэх өдрөө үргэлжилж байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар үргэлжлүүлээд "МҮЭХ-ны цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөө явуулж буй нэгдсэн тэмцэл үр дүнд хүртэл хугацаагүй үргэлжилнэ гэдгийг албан ёсоор мэдэгдье.

Ажил хаялтыг үүсгэж байгаа энэ тэмцэл бол бүх салбарыг хамарсан тэмцэл юм гэдгийг мөн онцолж хэлмээр байна. Зөвхөн эмч, багш нарыг хамарсан тэмцэл биш юм.

Энэ бүхний дараа бид хэлэлцүүлэхгүй хойшлуулаад буй гурван асуудал руу ойрын хугацаанд орно. Нэгт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг улсын хэмжээнд шинэчлэн тогтоох хуулийн хугацаа бэлэн болсон байгаа. Үүнийг үндэсний гурван талт хороогоор хэлэлцээд боломжийг ойрын үед бий болгоно. Хоёрт, УИХ-ын 2016 оны цалин хөлсийг царцаах чиглэлээр гаргасан 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгоно. 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөрийн тухай хуулийг дордуулахгүй хууль болгож батлуулах нь МҮЭХ-ны ойрын гол анхаарал хандуулах асуудал байх болно. 

Өдөр бүр цалин хөлс нэмэгдүүлэхийн төлөө үргэлжилж буй энэ тэмцэл нь бие даасан хүмүүс хийгээд байгаа зүйл биш юм, бидний зохион байгуулалттай хийж буй нэгдсэн тэмцэл юм гэдгийг мөн хэлмээр байна" гэв.