Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

ШХАБ-ын талаар хэн юу хэлэв

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг mpa.mn

Манай улсын хувьд ШХАБ-ын анхны ажиглагч улс бөгөөд өнөөг хүртэл энэ статусаа хадгалсаар ирсэн. Харин сүүлийн үед ШХАБ-д Монгол Улс элсэн орох шаардлагатай эсэх талаар судлаач, нийтлэлчид янз бүрийн байр суурь илэрхийлээд байгаа юм. Ямар ч байсан Монгол Улс ШХАБ-ын хуралдаанд жил бүр идэвхтэй оролцдог бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ жилийн ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор болоод байна. 

Тэрбээр энэ сарын 21, 22-нд Төрийн ордонд болсон “Монголын эдийн засгийн форум - 2018”-д хэлсэнд үгэндээ “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд аваачин, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих юм. Ингэснээр хятадтай хийх худалдаанд таатай нөхцөлүүд үүсэхийн зэрэгцээ гурван улсын транзит тээврийн коридор бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ” хэмээн дурдсан билээ.

Тэгвэл ШХАБ-д элсэх нь зөв үү, буруу юу гэдэг дээр байр сууриа илэрхийлсэн хүмүүсийн саналыг нэгтгэн хүргэж байна. 

Нийтлэлч Баабар: 

 

ШХАБ-д элсэх дээрээ тулбал заавал УИХ-аар хэлэлцэж хууль гаргуулах шаардлагатай болно
 
Яг одоо ШХАБ-д интеграцын бүтээн байгуулалт, бүс нутгийн дэд бүтцийн томхон төслүүд яригдаагүй, худалдаа-хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ямар нэг төсөл хөтөлбөр, хамтарсан ажиллагааны ганц ч эхлэл алга байгаа болохоор ШХАБ руу Монголыг түлхэх, уриалах, элсэж орохоос өөр аргагүй болсон мэт сурталдах нь тун оновчгүй алхам юм. 
 
Гишүүнээр элсэж үүрэг хүлээж байснаас ажиглагчийн статустайгаар, түүнийгээ “идэвхтэй” гэсэн тодотголтойгоор цэргийн бус бүхий л ажиллагаанд нь идэвхтэй оролцоод явахад харин ч илүү нэр хүндтэй баймаарсан.
 
Нийтлэлч, дипломатч Г.Баярхүү: 

 

Өрнөдийн эсрэг байр суурьтай ОХУ нь (ШХАБ-ын гол гишүүн) Афганистанд Америк, НАТО-гийн хүчин байрлаж байгааг таашаадаггүй, гэтэл ШХАБ-ын ажиглагч Монгол тэнд нь оролцсоор ирсэн нь хэрэв ШХАБ-д Монгол жинхэлбэл үл ойлголцолд хүргэх нь маргаангүй. 

Монгол Улс хэрхэх вэ гэдэгт айхтар хариулт хайгаад тархиа гашилгаад байх нь арай эртдэх мэт. ШХАБ нь ийнхүү бүс нутгийн улс төрийн байгууллага байгаа нөхцөлд Монгол Улс идэвхтэй ажиглагчаар оролцож байр сууриа илэрхийлж, ШХАБ-ын олон уулзалт хурлуулад идэвхтэй оролцоод явахад ямар ч саад байхгүй гэж үзэж байна. 
 
Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн: 

 

Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй. Бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй. Хоёр хөрш, гурав дахь хөршийнхөө бодлогын үзэл баримтлалаар явах ёстой.
 
ШХАБ-д гишүүнээр орчихвол баахан мөнгө цутгаад л, Орос-Хятадыг холбосон хийн шугам Монголоор дайрах ч юм шиг, олон жил гацсан том төслүүд гэнэт хөдлөх ч юм шиг боддог, ярьдаг тал бий. Хэрвээ тэгж сэтгэж байгаа бол эндүүрэл. ШХАБ бол гишүүн болохоор нь хадаг яндар өргөдөг, зээл тусламж өгдөг байгууллага биш. 
 
Орос, Хятад хоёртой хамтарч ажиллах, эдийн засгийн том төслүүдээ явуулах амин чухал сонирхол бидэнд бий. Энэ сонирхлыг хангах, асуудлыг шийддэг бүтцийг бид санаачилсан. Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт гэж. 
 
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Цолмон:

Терроризм, хэт даврагчидтай хийх тэмцэл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний түншлэл ба соёлын салбарт хамтран ажиллахыг эрхэмлэн тунхагласан ШХАБ-аас хол хөндий байвал түүний тэргүүлэх чиглэл болсон тээврийн дэд бүтэц, эрчим хүч, телехолбоо, нефть, хийн салбар, ХАА, усны нөөцийн ашиглалтын томоохон төслүүдээс Монгол хоцроход хүрч байна.

ШХАБ бол эдийн засаг нийгмийн хөгжлийн хувьд ч, аюулгүй байдал, цэрэг- улс төрийн үүднээс ч Монголд хэрэгтэй байгууллага учраас түүнд нэн даруй элсэх нь үндэсний эрх ашигт нийцтэй байх болно.

ШХАБ бол Азийн байгууллага, манай бүс нутгийн аляанс учраас “сайхан болохоор нь очъе” гэлгүй эхнээс нь гишүүнээр идэвхитэй, өөриймсөг  оролцоод явах нь Монголын эрх ашигт л нийцвэртэй.