Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгойн IPO ба эдийн засагчдын байр суурь

ikon.mn
2018 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газраас Тавантолгой төслийг хөдөлгөх хэд хэдэн хувилбарыг гаргаж МАН-ын бүлэгт танилцуулсан. Ингэхдээ Засгийн газрын зүгээс IPO гаргаж санхүүжүүлэх хувилбарыг дэвшүүлээд буй юм. Тодруулбал, Монгол Улсын эзэмших 30 хувьд хөрөнгө оруулахдаа гадаад зах зээлд IPO гаргаж 4.7 тэрбум ам.доллар босгох замаар төслөө хөдөлгөх боломжтой гэж үзсэн. Энэ тухайд улс төрчид, эдийн засагчид ямар байр суурьтай байгааг хүргэж байна.  

Д.Жаргалсайхан /Эдийн засагч/: 

IPO гаргах нь үр дүнтэй. Гэвч улс төрийн шийдвэрээр гаргачихсан хувьцааны үнэ цэнийг зөв тогтоох их хэцүү, нарийн асуудал. Ер нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргах ёстой. Гэхдээ одоогоор үнэлгээ нь тааруухан гарах байх гэж харж байна. Үнэлгээг зах зээл өөрөө гаргадаг. Тэгэхээр бид улс төрийн шийдвэрээр үнэлгээ гаргачихаад яг зах зээл дээр гарахаар үнэ дээш доош хүчтэй савлана. Тэр үед эрсдэл гарах болов уу гэж бодож байна. 

Н.Дашзэвэг /Эдийн засагч/: 

Олон улсын зах зээлд IPO гаргах нь зөв, тэгвэл  илүү үнэ хүрнэ. Одоо нүүрсний үнэ өндөр байгаа дээр л IPO гаргахгүй бол нүүрсний үнэ унавал бид хөрөнгө оруулагч татаж чадахгүй. Тиймээс үүнийг ойрын хугацаанд шийдэх ёстой л гэж бодож байна. 

Б.Жавхлан /УИХ-ын гишүүн/: 

Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш өсөлттэй байгаа энэ үед “Тавантолгой”-н IPO-г олон улсын зах зээлд яаралтай гаргах нь чухал. Энэ удаагийн “Тавантолгой”-гоор гаргах IPO зөвхөн уул уурхайн биш, ер нь манай эдийн засгийн цаашдын хөгжлийн маш том асуудал. Тиймээс энэхүү IPO-ээр босгох хөрөнгөөр эдийн засгийг “солонгоруулах”, уул уурхайгаас хэт хамааралтай гаж бүтцээсээ салах эдийн засгийн загварыг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт байгаасай гэж хүсч байна. Энэ төлөвлөлт их чухал. Тавантолгойн IPO-г гаргаснаар дор хаяж дөрвөн тэрбум төгрөг орж ирэх нь тодорхой. Тэгэхээр үүнийг зам уул уурхайгаас бусад салбар болох уламжлалт хөдөө аж ахуйн салбар, цахим зах зээл, боловсруулах үйлдвэр гэх мэт бусад эдийн засгийг түлхүү авч явах чадавх бүхий салбаруудад хөрөнгө оруулж,  уул уурхайгаас үл хамааарч эдийн засаг дунд, урт хугацаанд тогтвортой явж чадах бүтцийг энэ удаагийн Тавантолгойн IPO-ээс орж ирэх хөрөнгөөр шийдэх загварыг гаргавал энэ хамгийн зөв шийдэл байж чадна. Энэ удаагийнх эдийн засгийг зөв загвараар санхүүжүүлэх хөгжлийн IPO байгаасай гэж хүсч байна. “Тавантолгой”-г хөдөлгөх одоо байгаа хувилбаруудаас хамгийн боломжтой, богино хугацаанд хэрэгжүүлж болох хувилбар нь энэ гэж харж байна. Үүний бас нэг сайн үр дагавар нь иргэдийн гар дээрх 1072 ширхэг хувьцаа илүү их амьтай болж ирж буй юм.  

Ж.Дэлгэрсайхан /Эдийн засагч/: 

Тавантолгой төслийг хурдан хөдөлгөх хэрэгтэй. Ингэхдээ нээлттэй хэлбэрээр зохион байгуулах нь зөв. Юуны түрүүнд Тавантолгойг нээлттэй компани байх ёстой. Монгол Улсын хуулиар иргэдэд олгосон хувьцааны нөлөөллөөр нээлттэй болохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Олон улсын зах зээлд IPO–ээс  иргэдийн эзэмшиж буй хувьцааг амь оруулж олон улсын хувьцаа эзэмшигчидтэй, Монгол Улсын иргэд хувьцаа эзэмшсэн нээлттэй компани байх нь зүйтэй гэж үзэж байна.

Т. Доржханд /Эдийн засагч/: 

Монгол Улс уул уурхайн баялагтай орон. Тавантолгойн ордыг бид ашиглаж, маш хурдан хөрвүүлэх хэрэгтэй. Тиймээс уул уурхайг ашиглаж, монгол хүнд хөрөнгө оруулалт хийх нь зөв. Гэхдээ маш хурдан хугацаанд боломжийг ашиглаж, үр дүнгээ гаргах ёстой. Дэлхийн улс орнууд богино хугацаанд шийдвэртэйгээр ажлаа хийгээд залуучуудынхаа боловсрол, технологи руу шилжүүлсэн улс л өнөөдөр хожиж байна. Үүнийг л бид хийх хэрэгтэй. 

 

Бэлтгэсэн: Х.Ариун