Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ Иранд 12 шаардлага хүргүүлж, биелүүлэхгүй бол түүхэнд байгаагүй хатуу хориг тавихаа мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэрвээ Ираны засгийн газарт тавьсан 12 шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол “түүхэнд байгаагүй хатуу хориг” зарлаж, эдийн засгийг нь сүйрүүлэхээ Даваа гарагт мэдэгджээ.

Вашингтоны Heritage Foundation тинк танк байгууллага дээр үг хэлэхдээ тэр дараах 12 шаардлагыг танилцуулсан байна.

Үүнд:

  1. Хүнд усны реакторуудаа хаах
  2. Олон улсын атомын шинжээчдийг Иран даяар ажиллуулах
  3. Баллистик пуужингийн хөтөлбөрөө зогсоох
  4. Хоригдож байгаа АНУ-ын иргэдийг суллах
  5. Хезболлах бүлэглэлийг дэмжихээ зогсоох
  6. Хамас бүлэглэлийг дэмжихээ зогсоох
  7. IJ бүлэглэлийг дэмжихээ зогсоох
  8. Йемений Хуситуудыг дэмжихээ зогсоох
  9. Афганы Талибуудыг дэмжихээ зогсоох
  10. Сириэс цэргээ гаргах
  11. Иракийн засгийн газрыг дэмжиж ажиллах
  12. Ирак дахь Шийт бүлэглэлүүдийн зэвсгийг хураах

Хэрвээ дээрх шаардлагуудыг биелүүлэхээс татгалзвал хоригийн үр дагавар хатуу байж, Иран улс эдийн засгаа “амьд байлгахын” тулд багагүй зовлон туулах болно гэдгийг Помпео мэдэгджээ.

“Манай сангийн яам удахгүй эдийн засгийн хоригийг буцаан сэргээж, шинэ нэмэлт хоригуудыг мөн зарлах болно. Ингэснээр түүхэнд өмнө нь тохиолдож байгаагүй хатуу хориг арга хэмжээг хэрэгжүүлэх юм” гэж тэр хэлсэн байна.

Мөн АНУ дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа Ираны тагнуулуудыг, Хезболлах бүлгийн гишүүдийг мөрдөж, үйл ажиллагааг нь таслан зогсоох арга хэмжээ авна гэдгийг амлажээ. Ингэснээр Иран улс дахин хэзээ ч Ойрх Дорнодын бүс нутагт дураараа авирлаж чадахгүй болно гэж анхааруулсан юм.

Помпео бас Ираны иргэдэд хандаж “Ерөнхийлөгч Рухани, гадаад хэргийн сайд Зариф нар бол та нарын сонгосон удирдагчид. Та бүхний эдийн засгийн хүнд байдлын хариуцлагыг тэд нар үүрэхгүй гэж үү? Та бүхэн илүү сайхан амьдрах эрхтэй гэдэгт АНУ итгэж байна” гэж хэлжээ.

Энэ сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2015 онд байгуулагдсан Ираны цөмийн гэрээнээс гарахаа зарласнаар хоёр орны харилцаа муудаад байгаа.

Иран улс Европын гүрнүүдийг гэрээнээс гаралгүй үлдэж, АНУ-гүйгээр цааш үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байгаагаа зарласан. Гэвч АНУ-ын эдийн засгийн хориг Европын компаниудын Иранд явуулах үйл ажиллагаанд нөлөөлөхөөр байгаа тул нөхцөл байдал хааш эргэх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Russia Today