Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Таван толгойг хөдөлгөх асуудлаар ултөрийн шийдвэр гаргаж өгөөч хэмээн УИХ дахь МАН-ын бүлэгт хандана"

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Ирэх Даваа гарагт Төрийн ордонд эхлэх “Монголын эдийн засгийн чуулган-2018”-ын бэлтгэл бүрэн хангагджээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганыг зохион байгуулагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон хамтран ажиллаж байгаа МҮХАҮТ, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзсан юм.

Зохион байгуулагчдын зүгээс чуулганы бэлтгэл хангагдсан, төр, хувийн хэвшил хамтарвал эдийн засгийг сэргээх ямар боломжтой гэдгийг нотлон харуулсан, эдийн засаг гэлтгүй нийгэм, улс төр гэх мэт өргөн хүрээг хамарсан чуулган болно. Шаардагдах бүх зардлыг хувийн хэвшлийнхэн гаргасан  гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа.

Бүх салбар хуралдааныг нэр бүхий телевизүүд шууд дамжуулах бөгөөд цахим технологийг өргөн ашиглахаар төлөвлөсөн байна. Тухайлбал иргэд анх удаа цахим аппликэйшн ашиглаж сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг бүрдүүлсэн талаар CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэлсэн юм.

 “Хүчээ нэгтгэе” уриан дор болох энэ чуулганаар төр, хувийн хэвшил хамтран эдийн засагт тулгамдаж байгаа олон асуудлыг харилцан ярилцаж, гарц, шийдэл эрэлхийлэн, бодит үр дүн гаргана гэсэн хүлээлт өндөр байна.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд нээж үг хэлсний дараа Дэлхийн банкны төлөөлөл “Олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж” сэдвээр илтгэл тавихаар болжээ.

Дөрвөн нэгдсэн хуралдаан болох бөгөөд

  1. Засгийн газраас баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”,
  2. Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого,
  3. Халамжаас бүтээмж рүү,
  4. Хөдөө аж ахуйн хөгжил-Хөрөнгө оруулалт,
  5. Цахим шилжилт-Блокчэйн,
  6. Санхүү, хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй,
  7. Хариуцлагатай уул уурхай-Хүртээмжтэй өсөлт,
  8. Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд, хувьчлалын бодлого,
  9. Аялал жуулчлал-Агаарын тээвэр,
  10. Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл,
  11. Улаанбаатар хотын эдийн засаг-Хөрөнгө оруулалт,
  12. Монгол Улсын Брэндинг, Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал зэрэг сэдвийг 12 салбар хуралдаанаар хэлэлцэх юм.

Хоёр өдөр үргэлжлэх “Монголын эдийн засгийн чуулган-2018” хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, Санамж бичигт гарын үсэг зурснаар өндөрлөх аж.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чуулганыг зохион байгуулж байгаа ажлын хэсгийнхэндээ талархал илэрхийлье. Энэ удаагийн чуулган эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарахын тулд юун дээр анхаарах ёстойг тодорхойлоход чуулган хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.Одоогийн бодлогын алдаа, оноог чуулганы үеэр нээлттэй ярилцах болно.

Засгийн газрын зорилтот зах зээл бол ядуу амьдарч байгаа нэг сая хүн болон ажил идэвхтэй хайж буй 122 мянган хүн. Ажилгүйдлийг багасгахад Засгийн газартай хамтарч зүтгэх хүч бол бизнес эрхлэгчид.

Татвар төлж, ажлын байр бий болгож байгаа бизнес эрхлэгчдээ аль болох дэмжинэ, хамгаална. Ингэж байж ажил хайж байгаа 122 мянган хүнийг хамтран ажилтай, орлоготой болгоно. Ерөнхий сайдын хувьд Засаг дарга нарын ажлыг орон нутагтаа хэдэн ажлын байр бий болгосон гэдгээр нь дүгнэнэ.

2017 онд манай улс 2.8 их наяд төгрөгийг өр болон зээлийн хүүнд төлсөн. Энэ мэт эдийн засгийн дарамтууд их байгаа учраас эмч багш нарынхаа цалинг нэмж чадахгүй байгаа. МЭЗЧ эхлэх өдөр буюу ирэх Даваа гарагт ЗГ-аас томоохон төслүүдээ хөдөлгөх асуудлыг МАН-ын бүлэг дээр танилцуулна. ЗГ-ын зүгээс Таван толгойг нэг бол дорвитойхон хөдөлгөе эсвэл хөдөлгөхгүй гэдгээ хэл гэсэн байр суурьтай байгаа. Таван толгойг хөдөлгөх эсэх асуудлаар ултөрийн шийдвэр гаргаж өг гэж байгаа" хэмээн ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ хэлэв.