Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Лонх виски $1.1 саяар зарагдаж, шинэ дээд амжилт тогтоолоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Macallan үйлдвэрийн 60 жилийн настай нэг лонх вискиг өчигдөр Хонг Конгийн Bonhams дуудлага худалдаан дээр $1.01 саяар заржээ.

Дэлхийн дээд амжилт хэдхэн цагийн дараа эвдэгдэж, хоёр дахь лонхыг нь $1.1 саяар мөн ижил дуудлага худалдааны үеэр худалдаж авсан байна.

Хоёр лонх виски анх төсөөлж байсан үнэнээс хоёр дахин өндөр үнэлэгдсэн нь энэ юм.

Macallan вискиг Шотланд дахь үйлдвэрт 60 жил дарсны эцэст 1986 онд ердөө 12 ширхэг 0.75 литрийн лонхонд савласан ажээ.

Дарсны үнэ цэнэ хэдэн оны усан үзмийн ургацаас гаргаж авснаар тодорхойлогддог ба ургац хурааснаас хойш 16-24 сарын дараа лонхонд савладаг. Харин вискиний нас модон торхонд хэдэн жил дарагдсанаар тодорхойлогддог юм.

Тухайлбал дээрх Macallan вискиг 1926 онд дарж эхлээд 60 жилийн дараа 1986 онд задалж савласан юм байна.

Удаан дарсан виски ууршиж, хэмжээ нь багасдаг тул цөөн лонхонд савлагддаг. Уг уурших үзэгдлийг “тэнгэрийн элчийн амсалт” гэж нэрлэдэг ажээ.

Дарсны лонхыг задалснаас хойш хэдэн цагийн дотор уух хэрэгтэй бол вискиг жил хүртэл хугацаанд хэрэглэж болдгоороо давуу талтай.

Дээд үнийг тогтоосон вискиний лонхны шошгыг Италийн зураач Валерио Адами урласан юм байна. Харин түүний өмнө зарагдсан вискиний шошгийг Битлз хамтлагийн “St. Peppers Lonely Hearts Club Band” цомгийн нүүрний зургийг бүтээлцсэн Британий зураач Питер Блэйк бүтээж байжээ.

 

Эх сурвалж: Bloomberg