Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

ОНЦЛОХ НОМ: “Холболтын газарзүй”

МОНСУДАР
2018 оны 5 сарын 18
Монсудар

Холболт бол XXI зууны хамгийн хүчтэй зэвсэг. Хүн төрөлхтөн дэлхий ертөнцдөө ахин инженерчлэл явуулж зам тээвэр, цахилгаан, харилцаа холбооны дэд бүтэц зэрэгт жил бүр арван их наяд долларын хөрөнгө оруулалт хийж, дэлхийн өндөр хөгжилтэй мега хотуудыг өөр хооронд нь холбож байна. Энэ бүхэн геополитик, эдийн засаг, хүн ам, хүрээлэн буй орчин, нийгмийн байдалд онцгой үр дагаврыг авчрах учиртай. Газарзүй биш, харин "холболтын газарзүй" л бидэнд хамгаас чухал болоод байна.

 

Яг энэ тухай өгүүлсэн доктор Параг Ханнагийн “Холболтын газарзүй: Дэлхийн соёл иргэншлийн ирээдүйг зураглахуй” номыг Монсудар хэвлэлийн газар монгол хэлнээ орчуулан гаргаад байна. Хэрэв та санаж байгаа бол уг номын зохиогч Параг Ханна 2009 онд нэгэн арга хэмжээний үеэр тавьсан илтгэлдээ “Майн-голиа” (“Mine-Golia”) хэмээх нэршлийг анх хэрэглэсэн нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан билээ. 
Параг Ханна “Холболтын газарзүй” номондоо Монголын тухай тусгайлан бүлэг оруулж өгснөөс гадна байгалийн баялгаас хамаарсан эдийн засаг бүхий, далайн гарцгүй орны хувьд Монгол улсын геополитикт ямар сорилууд тулгарч буйг дэд бүтцийн холболтын өнцгөөс хөндөн бичжээ.

Тиймдээ ч тэрээр номынхоо өмнөх үгт: “Эдийн засгийн хүндрэл, улс төрийн үрэлтийн цаг үед Монгол улс бүхий л ард иргэдээ орчин үеийн шинэчлэл тийш улам бүр хөтлөх боломжоо ашиглаж чадалгүй алдсан мэт надад санагддаг. Гэхдээ монголчууд эв санаагаа нэгтгэж, аливаа шинэ боломжийг самбаачлан шүүрч авч чадах аваас Монгол улс дахин нэг удаа Евразийн Торгоны замын төв цэг болж чадна гэдэгт итгэсэн хэвээр” байгаагаа дурдсан байна. 

 

Мөн зохиогч уг номондоо дэлхийн бодит газрын зурагт зөвхөн улс орнуудыг тэмдэглээд зогсохгүй мега-хотууд, өндөр хурдны зам, төмөр зам, газрын тосны хоолой, интернетийн кабель, мөн дэлхийн сүлжээний соёл иргэншил бүрдэж буйг илтгэх бусад зүйлсийг ч бас тодотгон дүрслэсэн нь учиртай. Газар сайгүй эзэнт улсууд задарч, эрх мэдэл төв нийслэлээс чинагш санхүүгийн болон дипломат ажиллагаандаа автономит эрх авахыг эрэлхийлж буй муж, хотууд руу хуваарилагдан саарч байна. 

Улс төрийн нэгжүүд жижиг байх тусмаа оршин тогтнохын тулд нөөцийг хуваан ашиглаж буй томоохон хэмжээний хамтын нийгэмлэгүүдэд нэгдэх шаардлага гарч байна. 

Зүүн Африкаас өгсүүлээд Зүүн-Өмнөд Ази хүртэл дэлхий дахинаа, нийтлэг дэд бүтэц, институциэрээ дамжуулан бүс нутгийн шинэ холбоод байгуулагдаж байгаа нь энэхүү чиг хандлага газар авсны нэгэн илрэл юм. Мөн геополитикийн өрсөлдөөний шинж байдал нутаг дэвсгэрийн төлөөх дайнаас холболтын төлөөх дайн руу шилжжээ. Холболтоор өрсөлдөх болсноор дэлхийн нийлүүлэлтийн суваг, эрчим хүчний зах зээл, үйлдвэрлэл, санхүү, технологи, мэдлэг боловсрол ур чадвартай боловсон хүчний урсгалд “олс татах тулаан” өрнөсөөр.

Энэ мэтчилэн орчин үеийн дэлхийн дэг журам, Евразийн эдийн засгийг Хятадын ивээл доор нэгтгэх ‘Нэг бүслүүр, нэг зам’ төсөл яагаад АНУ-ын ‘Азид хүчний тэнцвэрийг хангах’ санааг ардаа орхисон хамгийн зөв стратеги болохыг, өнгөрсөн үетэй зууралдах нь ирээдүйд ямар ч ашиг тусгүйг, хоорондоо хэт холбогдсон энэ шинэ ертөнц бидэнд ямар боломж бий болгож буйг мэдэхийг хүсвэл энэ номыг уншаарай.

Номын тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.