Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Ойрын гурван жилд нийслэлд 38,514 айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна"

А.Намуун, iKon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Барилга, хот байгуулалтын яам, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, “МИК ОССК” ХХК-тай хамтран Монгол Улсын хэмжээнд орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийлгэжээ. Судалгаанд тулгуурлан мэдээллийн сангийн программ хангамж боловсруулах ажил хийгдэж байгаа аж.

Судалгааны ажпыг “Монголын барилгын үндэсний ассоциаци” төрийн бус байгууллага, “Тэнхлэг зууч” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж, судалгааны тайланг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй "Судалгаа нь Барилга хот байгуулалтын яам, Төрийн орон сууцны корпорацийн хувьд ойрын 5 жилийн хугацаанд хийгдээгүй байсан. Мэдээллийн баазыг тогтвортой ажиллуулах үүднээс анх удаа санаачлан зохион байгууллаа.

Энэхүү судалгааг хийлгэснээр салбарын байгууллагууд нэгдсэн судалгаа, мэдээлэлтэй болох, бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчид орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн ойрын төлөвийг урьдчилан харах, төсөл, хөтөлбөрийг үр ашигтай, бодитой төлөвлөх, нийгмийн халамжийн бодлогыг зөв чиглүүлэх, хөрөнгийн салбарт менежмент, зохицуулалт хийхэд чухал ач холбогдолтой юм" гэлээ.

"Нийслэлд 380,828 өрх амьдарч байгаагийн 43 хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

"Тэнхлэг зууч" компанийн захирал Д.Должинсүрэн "Монгол Улсын барилгын салбарын баримт, тоонууд их зөрүүтэй мэдээлэлтэй байдаг. Тиймээс судалгаагаар Монгол Улсын зах зээлд хэр хэмжээний орон сууцны эрэлт, нийлүүлэлт байгааг дэлгэрэнгүй байдлаар гаргаж өгсөн байгаа.

Судалгаагаар нийслэлд 2017 оны байдлаар 380,828 өрх амьдарч байгаагийн 43 хувь буюу 164,791 өрх нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдарч байна.

Ойрын 5 жилд нийслэлд 217,000 айлын, орон нутагт 122,000 айлын инженерийн бүрэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байна.

Орон сууц худалдан авах хүсэлтэй нийслэлд амьдардаг өрхийн 16.3 хувь буюу 35,497 өрх, орон нутагт амьдардаг өрхийн 12.2 хувь буюу 14,905 өрх орон сууц худалдан авах чадамжтай байна гэсэн судалгаа гарсан байна.

Нийлүүлэлтийн хувьд, Улаанбаатар хотод 62,339 айлын орон сууцны 427 төсөл, орон нутагт 13,038 айлын орон сууцны 136 төсөл тус тус хэрэгжиж байна. Үүнээс ойрын 3 жилд нийслэлд 38,514 айлын, орон нутагт 10,822 айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар зах зээл дээр 5,822 айлын орон сууц бэлэн борлуулагдаж байна. Үүний 4,622 айлын сууц нь 80 м2-аас доош талбайтай орон сууц байна. Эдгээрийн борлуулалтын дундаж үнэ 1 м2 нь 2,114,527 төгрөг байна" гэлээ.

"Иргэд түрээсийн орон сууцыг өмчлөх сонирхолтой байдаг нь харагдаж байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Барилга хот байгуулалтын яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн "Энэхүү судалгааг хийлгэснээр бид цаашдаа ямар бодлого баримталж явах вэ гэдгээ төсөөлж харах гэсэн юм. Тийм учраас судалгааг нэлээн нарийвчлалтай тоо баримттай хийсэн.

Судалгаагаар иргэд цаашдаа түрээсийн орон сууцыг өмчлөх сонирхолтой байдаг нь харагдаж байгаа.Тийм учраас түрээсийн орон сууцны үндэсний хөтөлбөрт өөрчлөлт оруулсан. Зөвхөн түрээслэх хэлбэрээр явж байсан бол түрээсэлж байгаад өмчлөх боломжийг бодлого болгож оруулж байгаа. 

Түүнээс гадна, чадамжийн судалгаагаар орон сууцтай болох иргэдийн хүсэл эрмэлзэл, хэрэгцээ шаардлага их байгаа боловч бодит байдал дээр чадамж нь муу байна гэж гарсан. Иргэд яаж орон сууцтай болох вэ гэдгийг бид бодолцох ёстой.

Тиймээс ипотекийн корпорацитай хамтран ипотекийн бодлогын талаар ярилцаж байгаа. Хүү болон урьдчилгаа төлбөрийг буулгах тал дээр Барилга, хот байгуулалтын яам анхаарч ажиллаж байгаа. Мөн гэр хорооллыг цөөлөх, орон сууцжуулах бодлого баримталж ажиллаж байна. Энэ мэтчилэн энэ судалгааг хийснээр орон сууц үндэсний хөтөлбөртөө зорилтот бүлгийн иргэдийг хэрхэн, яаж орон сууцжуулах вэ гэдгийг харах боломжтой болсон юм" гэв.