Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Жулиан Ассанжийн хамгаалалтад хэдийг зарцуулсан бэ?

Э.Мөнхзаяа
2018 оны 5 сарын 17
MorninigNews.mn
Зураг зураг

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2012 онд Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд улс төрийн орогнол хүсэж ирсэн Жулиан Ассанжийг хамгаалахад таван саяас багагүй ам.доллар зарцуулжээ. Энэ талаар Эквадорын санхүүгийн баримтаас эш татан “The Guardian" мэдээлсэн байна.

Тус хэвлэлд бичиж буйгаар олон улсын хамгаалалтын компанийн ажиллагааны зардал, видео ажиглалтын системийн үйлчилгээ, түүнчлэн Ассанж, элчингийн ажилтнууд дээр ирсэн хүмүүсээс мэдээлэл цуглуулдаг нууц тагнуулуудын ажил, Британийн цагдаа нарыг мөрдөн шалгах ажил зэрэгт ийм хэмжээний мөнгө зарцуулжээ. Баримтаас үзэхэд “Зочин" буюу сүүлд нь “Зочид буудал” хэмээх ажиллагаанд Эквадор улсын Засгийн газар сард 66 мянга орчим ам.доллар зарцуулсан байна.

Ассанжийг хамгаалах төсвийг Ерөнхийлөгч Рафаэль Корреагийн үед дэмжиж, тухайн үеийн Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо ч хүлээн зөвшөөрч байжээ.

ЭСЯ-ны газар нутагт Wikileaks-ийг үүсгэн байгуулагчийг эргэсэн зочдын тоонд Европын үндсэрхгүүдийн бүлэглэлийн гишүүн, Нэгдсэн Вант улсын Тусгаар тогтнолын намыг үүсгэн байгуулагч Найжел Фараж, өмгөөлөгчид, хакерууд, олон тооны сэтгүүлч, идэвхтнүүд, түүнчлэн Кремльтэй холбоотой хүмүүс байсан гэж “The Guardian’’-д бичжээ. Эквадорын тусгай албаны мэдээллийг эш татан тус сонинд мэдээлснээр зөвхөн 2012 оны зургаадугаар сараас 2013 оны есдүгээр сарыг хүртэлх хугацаанд “Зочид буудал” ажиллагаанд Эквадороос 973 мянга орчим ам.доллар гарсан аж.

“Senain” агентлаг Ассанжийг ажиглах ажиглалтын нууц камерууд байрлуулаад зогсохгүй Эквадор улсын ЭСЯ-нд болж буй бүхий л үйл ажиллагаанд мониторинг хийж байжээ. Үүнээс гадна тусгай албаныхан Ассанжийг хамгаалах, видео ажиглалт хийх зорилгоор хувийн хамгаалалтын компани хөлсөлж, тэрхүү компанийн ажилтнууд нь Эквадорын ЭСЯ-ны дэргэдэх Эдвардианы хуучин шилтгээний барилгад сарын 2800 ам.долларын өртөгтэй байранд хоногийн 24 цаг байрлаж байжээ.

Тэд Ассанжийн өдөр тутмын үйл ажиллагааг нарийн тодорхой дүрсэлж, түүнийг элчингийн ажилтнууд, түүний хуулийн багийнхан, бусад хүмүүстэй хэрхэн харьцаж байгааг хүртэл тодорхойлж чадаж байв. Тэр ч бүү хэл Ассанжийн сэтгэл хөдлөл хэрхэн хувирч байгааг ч ажиглаж байлаа.

Хамгаалалтын фирмийн ажилтнууд түүнчлэн Ассанжтай уулзахыг хүссэн хүн бүрийнх нь талаар зөвлөлдөж байсан гэнэ. Корреагийн Засгийн газар Ассанжийн үйл хэрэгтэй холбоотойгоор Эквадор улсын имиж унахаас болгоомжилж, хэвлэл мэдээлэлтэй харилцах “медиастратеги" хүртэл боловсруулж байсан юм. Тухайлбал, Эквадорын ЭСЯ-нд Ассанж ирсний хоёр жилийн ойд зориулсан арга хэмжээ зохион байгуулах зардал хүртэл гаргаж байжээ. Энэ зорилгоор Эквадор улс жилд 181 мянга орчим ам.доллар зарцуулсан байна.

Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Эквадор улсын засаг захиргаанаас Ассанжид хандах хандлага муудсан юм. “Wikileaks’’-ийг үүсгэн байгуулагч өөрийн гэсэн хиймэл дагуулын интернэт зохион байгуулж, түүнчлэн элчингийн хамгаалалтаас гарч, хамгаалалтын ажилтнуудын албан ёсны болон хувийн захидал харилцааг олж авч чаджээ. Энэ талаар нэрээ нууцалсан эх сурвалж сонинд мэдээлсэн байна.

“Wikileaks’’-ийнхэн "The Guardian”-bi эх сурвалжийн мэдээллийг үгүйсгэж, Элчин сайдын яамны харилцаа холбоог эвдсэн тухай мэдээллийг Их Британийн Засгийн газраас явуулж буй өдөөн хатгалга хэмээжээ. “Энэ удаад та бүхэн хэтэрхий олджээ. Бид шүүхэд өгөх болно” хэмээн тус байгууллагын “Twitter’’-т мэдээлсэн байна.

Жулиан Ассанж 2012 оноос хойш Лондон дахь Эквадор улсын ЭСЯ-ны газар нутагт байгаа юм. Тэрбээр WikiLeaks-ийн материалуудад нууц мэдээллийг цацсан хэргээр АНУ-д шилжүүлэгдэн мөрдөгдөж шалгагдахаас эмээж энд ирсэн билээ. Түүний хувьд Эквадор улсын элчингийн байрнаас огт гарч чадахааргүй болсон. Учир нь Британи улс түүнийг 2010 онд Шведийн газар нутагт бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутган Лондоны шүүхээс авч хэлэлцэх гэж байсан ч тэрбээр шүүх хуралдаанд ирээгүй юм.

Шведийн прокурорын газраас 2017 оны тавдугаар сард бэлгийн хүчирхийллийн хэргийг нь хөөн хэлэлцэхээ зогсоосон боловч Британийн цагдаагийн газар түүнийг Эквадор улсын ЭСЯ-наас гарсан тохиолдолд шууд баривчлахаа амлажээ.

Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сард Эквадор улсын “El Universo” сонин Жулиан Ассанжийг Эквадор улсын иргэншилтэй болсон тухай мэдээлсэн юм. Гэвч тус улсын засаг захиргаа энэ баримтыг батлаагүй билээ. 2018 оны хоёрдугаар сард Британийн шүүхээс Ассанжийг баривчлах шийдвэр хүчин төгөлдөр хэмээн баталсан аж.

Зураг