Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Цэвэр агаар сан”-гийн зарцуулсан 92.2 ТЭРБУМ ТӨГРӨГийг нэг бүрчлэн шалгана

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн талаар албан тушаалтнуудаас тайлбар авах хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Өргөдлийн байнгын хорооны дүрмийн 5.1.7-д заасны дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээллийг сонсож, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Холбогдох албан тушаалтнуудын хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хийсэн мэдээллүүд:

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А-11 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Архивын ерөнхий газарт хадгалагдаж байгаа “Цэвэр агаар сан”-гийн санхүү, үйл ажиллагааны архивын эх материалтай танилцаж, 92.2 тэрбум төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг нэгтгэн гаргасан. Тус сангаас хэрэгжүүлсэн арга хэмжээнд Үндэсний аудитын газар, Мөрдөн байцаах газар, Авилгалтай тэмцэх газраас тус тус ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл ирүүлсэн гэв.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж “Цэвэр агаар сан”-г байгуулсан. Цэвэр агаар сан 2011-2015 онд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт орж тус сан татан буугдсан. 
“Цэвэр агаар сан”-гийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл

Цаашид “Цэвэр агаар сан”-гийн 5 жилийн үйл ажиллагаанд санхүүгийн болон аудитын мэргэшсэн байгууллагаар шалгуулан дүгнэлт гаргах нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж.

 
 
 
 
 
 
 
 
 

2009-2014 онд Цэвэр агаар сангийн жилийн эцсийн санхүүгийн тайланд 3 удаа санхүүгийн тайлангийн аудит хийсэн байна. Тус тайланд,

Цэвэр агаар сангийн 2011, 2014 оны санхүүгийн тайланд “Зөрчилгүй” гэсэн дүгнэлт өгч байсан. Харин Төсвийн тухай хуульд заасан хугацаанд санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, түүнчлэн санхүүгийн тайлан 2.3 тэрбум, төсвийн гүйцэтгэлийн тайлан 1.2 тэрбум төгрөгийн зөрүүтэй байснаас Цэвэр агаар сангийн 2013 оны санхүүгийн тайланд “Дүгнэлт өгөхөөс татгалзах” санал дүгнэлт гаргасан  талаар мэдээлэлдээ дурджээ.

“Дүгнэлт өгөхөөс татгалзах” санал дүгнэлт гарсны дараа холбогдох байгууллага албан тушаалтнууд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар аль ч байгууллагын тайланд тусгагдаагүй байна.

Үндэсний аудитын газар нь УИХ-ын Төсвийн Байнгын хорооны 2018 оны 2 дугаар тогтоолын дагуу “Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийж, тайланг 2018 оны 9 сард багтаан УИХ-д хүргүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Х.Булгантуяа: БНХАУ-аас орж ирэх 2 тэрбум юанаас түрээсийн орон сууцанд зарцуулахад анхааран ажиллаж байна
 

Асуулт: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, 147 тэрбум төгрөгийг 4 жилийн хугацаанд салхинд хийсгэсэн байна. Энэ мөнгийг зуух, гэрийн бүрээс, автобусны хосолмол хөдөлгүүр зэрэгт зарцуулсан байна, гэтэл өнөөдөр бодит үр дүнд хүрээгүй байна. Үүнд хэнд хариуцлага тооцох вэ?

Хариулт: Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, яндан буулгах ажил энэ жил эрчимтэй хийгдэж байгаа. Түүхий нүүрс ашиглахыг хориглох шийдвэр гарсан, 2019 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжинэ, түүхий нүүрс орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэгдэл байгуулагдсан болно. Өнөөдрийн байдлаар 8 үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон гэв.

Асуулт: УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, өмнөх жилүүдэд зарцуулсан сая сая ам.долларын үр дүн байхгүй байгаад маш их харамсалтай байна. Удахгуй БНСУ-аас 500 сая ам.долларын хөнгөлттэй зээл авахаар яригдаж байна, үүнийг юунд зарцуулах, төсөв боловсруулсан уу?

Хариулт: Сангийн дэд сайд Х.Булгантуяа ирэх 6 дугаар сараас төсөл, хөтөлбөрүүдийг нэгтгэн УИХ-ын Байнгын хорооны хуралдаанд танилцуулах болно. Түүнчлэн БНХАУ-аас орж ирэх 2 тэрбум юанаас түрээсийн орон сууцанд зарцуулахад анхааран ажиллаж байна.

Хэлэлцүүлэгийн үр дүнд, “Цэвэр агаар сан”-гийн Үндэсний аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн, санхүүгийн болон нийцлийн аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хянан шалгах, тухайлбал, Цэвэр агаар сангийн 2013 оны санхүүгийн тайлан 2.3 тэрбум, төсвийн гүйцэтгэлийн тайлан 1.2 тэрбум төгрөгийн зөрсөн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, “Цэвэр агаар сан”-д учирсан хохирлыг тодорхой болгож, уг хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авах; Мөн төсөл хөтөлбөр тус бүр дээр гарсан зардал, үр өгөөжийн тооцоог хянан үзэж, буруутай этгээдэд хариуцлага тооцохоор болжээ.