Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын хил дээрх Хятадын хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ хамгийн өндөр өсөлттэй гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Дандон хот дахь Ялу голын эргээс Хойд Солонгос руу дурандаж байгаа жуулчид

Солонгосын хойгийн нөхцөл байдал сайжирч эхэлсэнтэй холбоотойгоор Хойд Солонгосын хил дээр оршдог Хятадын Дандон хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ өнгөрсөн сард хамгийн өндөр өсөлттэй байсныг албаны тоо баримт харуулжээ.

Хятадын үндэсний статистикийн газраас үнийн өсөлтийг нь хянадаг тус улсын 70 хотын дотроос Дандон өсөлтийн хурдаар тэргүүлсэн байна.

Дөрөвдүгээр сард Ляонинь мужийн 2.4 сая оршин суугчтай энэ хотын шинэ орон сууцны үнэ 2 хувь нэмэгджээ.

Гуравдугаар сарын сүүлээр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун уг хотоор дайрч Хятадад айлчилсан нь үл хөдлөх хөрөнгийн үнэд нөлөөлсөн гэж үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Ким Жон Ун мөн Ляонинь мужийн Далянь хотод хоёр дахиа айлчилсан нь Дандоны үнэ цэнийг тавдугаар сард дахин өргөнө гэж судлаачид үзэж байгаа гэнэ.

Гэхдээ бодит амьдрал дээр албаны тоо баримтаас үнийн өсөлт илүү өндөр байгааг Дандон хотын Golden Key үл хөдлөх хөрөнгийн зуучлагч компани мэдээлжээ.

Тухайлбал Хойд Солонгостой хил залгаа аж үйлдвэрийн бүс дэх Ялу гол руу харсан орон сууцны үнэ метр.кв нь дөрөвдүгээр сарын эхээр 3,000-4,000 юань ($471) байсан бол тавдугаар сарын эхээр 6,000 юань болж өссөн байна.

Үнийн огцом өсөлтөөс шалтгаалан Дандон хотын эрх баригчид энэ сард зохион байгуулах гэж байсан үл хөдлөх хөрөнгийн үзэсгэлэн худалдааг цуцалж, өнгөрсөн Даваа гарагт орон сууц худалдан авалтыг хязгаарлах журам баталжээ.

Уг хязгаарлалт ёсоор тус хотын оршин суугч бус хүмүүс худалдаж авсан орон сууцаа хоёр жилийн дотор буцааж зарах боломжгүй болсон байна.

Мөн моргэйжийн зээлийн урьдчилгааг 50 хувь болгон өсгөсөн гэнэ.

Үнэ өсөх сургаар зүүн хойд Хятадын мужууд, Бээжингийн иргэд Дандонд орон сууц олноор худалдан авах болсон нь ийм арга хэмхээ авахад хүргэжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post