Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдээс хууль бусаар мөнгө хурааж авсан багшийн цалинг хасах, ажлаас чөлөөлөх арга хэмжээ авдаг"

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтохоос зарим зүйлийг тодрууллаа.  

-Нэг талдаа тодорхой хэмжээний мөнгөн хандив, нөгөө талдаа хууль бусаар мөнгө авч байгаа. Энэ талаар юу гэмээр байна?

-Боловсролын тухай хуулийн 47-д сурагчдаас хууль бусаар төлбөр хураамж авахыг хориглоно гэж заасан байдаг. Энэ нь юу вэ гэхээр ямар нэгэн байдлаар албадсан, тэгшитгэсэн, нийтийг хамарсан, зохион байгуулалттайгаар сургуулийн захиргаа юм уу анги удирдсан багш шахаж шаардаж байгаа бол үүнийг хууль бус гэж ойлгох ёстой.

Тэгэхээр эцэг эх өөрөө хүсээд би хүүхдийнхээ суралцаж байгаа анги танхимыг аятайхан болгочихьё, засаад өгчье гэж байгаа тохиолдолд хуулийн хүрээнд болно гэж ойлгох хэрэгтэй.

-Эдгээр зөрчлүүд гарсан тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-Сургуулийн захирал, багш нар бол төрийн үйлчилгээний албан хаагч. Төрийн үйлчилгээний албан хаагч нь Хөдөлмөрийн тухай хууль, Багшийн ёс зүйн дүрэм, тухайн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил гэж тооцогддог тодорхой заалтууд бий. Тиймээс зөрчлийн хэм хэмжээнд нь тохируулан сануулах, цалингийн тодорхой арга хэмжээ авах, шаардлагатай бол ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн шат дараатай арга хэмжээ авдаг.

-Зөвхөн улсын сургууль, цэцэрлэг хамрагдаж байна гэсэн үг үү. Хувийн сургууль цэцэрлэг хамрагдаж байгаа юу?

-Хувийн сургууль, цэцэрлэгүүд дээр бид ажилтнуудад арга хэмжээ тооцох эрх бидэнд байхгүй. Зүгээр санал хүргүүлэх, магадгүй багшийн ёс зүйтэй холбоотой асуудал гарах юм бол Нийслэлийн боловсролын газрын дэргэдэх Багшийн ёс зүй хороогоор ёс зүйн тодорхой зөрчил гаргасан эсэхийг тодруулж, гаргасан бол дүгнэлт гаргаад, тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад хүргүүлнэ.

Арга хэмжээ тооцуулах, цаашилбал багшлах эрхийг нь хасах, багш хүнд хуулиар ямар арга хэмжээ авах ёстой юм тэрний дагуу арга хэмжээ авна.