Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Арьс, ширний үйлдвэрүүдийг хотоос гаргахгүй бол шинэ цэвэрлэхийн технологид нөлөөлнө"

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Өдрийн сурвалжлага-

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх ажлын явцтай албаныхан танилцлаа.

Энэ үеэр "Ойрын өдрүүдэд цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр нэмэгдлээ, хотын төвд үнэртэж байна.Энэ юунаас шалтгаалж байна вэ? гэх асуултуудад Төв цэвэрлэх байгууламжийн инженерүүд "Цэвэрлэх байгууламж хэвийн горимоор ажиллаж байгаа.Бохирт биологийн цэвэрлэгээ буюу бичил биетэн үржүүлж, органик бодисыг задалдаг таван аэротрек/агааржуулах сан/ байдаг.1986 оноос хойш огт завсарлаагүй байсан таван аэротекийг нэг нэгээр нь засварлаж байгаа. Нэгийг нь засаж байхад үлдсэн дөрөв нь ажиллаж байгаа гэсэн үг. Аравдугаар сар гэхэд тавууланг нь засаж дуусгах төлөвлөгөөтэй явж байна.Үүнээс үүдэлтэй өмхий үнэр нэмэгдэх үндэс байхгүй" гэв.

Засварлаж буй аэротрек /агааржуулах сан/ 

Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой.

Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй үнэрийн 80 гаруй хувийг гаргадаг гэх лагийн талбайд биднийг очих үед үнэр саармагжуулах зорилгоор гумины хүчил цацаж байлаа.

"Гумины хүчил нь үнэр үүсгэгч амиак, хүхэрт ус төрөгч, хүхэр агуулсан органик нэгдлүүдтэй харилцан үйлчлэлцэж,тэднийг өөртөө холбож саармагжуулдаг. Мөн зарим өвчин үүсгэгч микробууд, ялзруулагч бактерийн өсөлтийг дардаг учраас ялзрах процесс бас удааширна. Лаг руу гумины хүчил цацах ажил дөрөвдүгээр сарын 19-нөөс эхэлсэн. Хуучин хуримтлагдсан лагийн дээрээс гумины хүчил цацах ажил үндсэндээ дуусч байгаа" хэмээн ШУА-ийн Химийн хүрээлэнгийн доктор Ж.Дугаржав хэллээ.

 

Өмнө нь очиход хурц, эхүүн үнэртэй байдаг байсан лагийн талбайн өмхий үнэр харьцангуй бага, харин цэвэрлэх байгууламжийн тунгаагуур, аэротрек орчим хурц өмхий үнэртэй байна. Лагийн талбай тэдгээр цэгүүдээс илүү өмхий үнэртэй байдаг байсан юм.

Зургаадугаар сарын эхээр лагийг бордоо болгох ажил эхэлнэ

50-60 жил хуримтлагдсан хуучин лаг дээрээс хүчил цацаж үнэрийг нь саармагжуулах нь яаралтай авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэдгийг албаныхан хэлж байв. Харин цаашид лагаар бордоо хийхээр төлөвлөжээ.

 

Энэ талаар БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн "Японы эрдэмтэд биологийн аргаар лагийг бордоо болгож байгаа. Энэ туршлагыг бид удаан судалсны үндсэн дээр хэрэгжүүлэхээр болсон. Японы эрдэмтэд тавдугаар сарын 22-нд Монголд ирнэ. 

Зургаадугаар сарын эхээр лагийг бордоо болгох ажил эхэлнэ гэж тооцоолж байгаа. 50-60 жил хуримтлагдсан лагийг бордоо болгоход нэг жилийн хугацаа шаардлагатай гэж тооцоолсон. Уг бордоог уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах боломжтой” хэмээн ярив.

БХБЯ-ны зүгээс Цэвэрлэх байгууламжийн үнэр хэр орчинд яаж тархаж байгаа судлахаар “Ногоон титем” лабораторитой хамтран ажиллаж эхэлжээ. Лабораторийнхон төв цэвэрлэх байгууламжийн тодорхой цэгүүд болон ойр орчимд үнэрийн тархалтыг шинжилж байгаа аж. Тавдугаар сарын 13-нд үнэр гарлаа гэх мэдээлэл ирсний дагуу тандалтын цэгүүдийн тоог нэмжээ. Бохирын үнэр хэрхэн тархаж, байгаа талаар лабораторийн дүгнэлтийг удахгүй хүргэх юм байна.

“Лагийн үнэрийг саармагжуулах хэт авиан төхөөрөмж тун удахгүй ажиллаж эхэлнэ”

Нийслэлийн Захирагчийн Ажлын Албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн "Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлээс хяналт тавьж, 2016 оноос хойш хэрэгжүүлж буй 25 төсөл Төв цэвэрлэх байгууламжид хэрэгжээд дуусч байна. Тухайлбал, цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэл 12 га талбай хуучин суваг нь эвдэрсний улмаас лагаар бохирдсон байсныг цэвэрлэж, шинэ суваг татсан байгаа. Мөн цэвэрлэх байгууламжаас гарсан ус 50 га хүртэл газрыг хамарсан хиймэл нуур болоод байсан. Үүнийг цэнгэгжүүлээд, талбайг багасгаж, одоо уг нуур 5 га орчим газрыг эзэлж байна. Хамгийн сүүлд буюу өнөөдөр лагийг халдваргүйжүүлэх хэт авиан төхөөрөмж, цэвэрлэгээний түвшин, лаг боловсруулалтыг сайжруулах зорилгоор суурилуулсан төхөөрөмжүүдийг цэвэрлэх байгууламжид хүлээлгэн өгч байна.

Эдгээр төхөөрөмжүүдийг улсын комисс хүлээгээд авчихсан. Үүрэг даалгаврын биелэлтээ хийгээд дуусмагц тун удахгүй ажиллаж эхэлнэ.

Герман улсын “Тюбэреактор” гэх энэхүү төхөөрөмжийн хувьд сард 1 сая орчим төгрөгийн цахилгаан зарцуулж ажиллана.Ингээд нийслэлээс хяналт тавьж хэрэгжүүлсэн төслүүд дуусч байгаа. Үргэлжлүүлэн Барилга, Хот Байгуулалтын яам саарал ус гаргах томоохон үйлдвэр барих гэх мэт ажлыг хийгээд явна" хэмээн ярилаа.

Лагийг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх хэт авиан төхөөрөмж нь хоногт 1,200-1,500 м.куб лаг халдваргүйжүүлэх хүчин чадалтай бөгөөд лагийн талбай руу гаргаж байгаа лагийг урсгал дунд нь ариутган, халдваргүйжүүлж, үнэрийг нь дарах аж.

Лагийг халдваргүйжүүлэх хэт авиан төхөөрөмж

Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой.

Дөрвөн 7 хоногийн турш туршалтаар ажиллуулж үзэхэд лагийн өмхий үнэрийг 50-60 хувь хүртэл саармагжуулж байжээ. Төхөөрөмжийг нийлүүлсэн Германы талаас 20-25 жилийн баталгаа өгсөн бөгөөд шинэ цэвэрлэх байгууламжид ч ашиглах боломжтой юм байна.

Х.Баделхан: Лагийн үнэр өлөнгийн үнэрээс хамаагүй бага байгаа
 

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Засгийн газрын тогтоол гарч Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуудлыг шийдвэрлэхийг надад даалгасан. 

Сая цэвэрлэх байгууламж руу орж ирэх үеэр та бүхэн анзаарсан байх. Энэ орчимд гэхэд л 24 өлөн боловсруулах үйлдвэр, мөн арьс ширний үйлдвэрүүд байна. Энэ бүх үнэр нийлээд Улаанбаатар хотыг бохирын үнэртэй болгож байгаа. Засгийн газрын тогтоолоор бол эдгээр үйлдвэрүүд 2019 оны тавдугаар сарын 15 хүртэл өөрсдийн цэвэрлэх байгууламжаа барих ёстой.  Энэ нь заавал ирэх жилийг хүлээ гэсэн үг биш. Үйлдвэрүүд боломжоороо одооноос төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байгаа бохир усаа стандартын шаардлагад нийцүүлж, цэвэршүүлэн нийлүүлэх хэрэгтэй байна.

Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг багасгах чиглэлээр олон ажил хийж байгаа. Өнөөдөр шинэ технологи нэвтэрч байна. Ирэх сараас лагаар бордоо хийж эхэлнэ. Есдүгээр сард засварын ажил дуусна гээд сараас сард үнэр багасна. Үнэр багасгах ажил шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл үргэлжилнэ. Өөрсдийгөө магтаж байгаа юм биш. Үнэр саармагжуулах арга хэмжээ авсан лагийн үнэр өлөнгийн үнэрээс хамаагүй бага байгаа. Хамгийн өмхий үнэр лагийн талбайгаас гарах ёстой ч өмхий үнэртэхгүй байна” гэсэн юм.

Харин арьс ширний үйлдвэрүүдийн өмхий үнэрийг багасгах, хотоос гаргах асуудаар Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Арьс ширний үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах тухай ерөнхий төлөвлөгөө Засгийн газраар батлагдчихсан. Харамсалтай нь өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн хүндрэлээс болоод энэ ажил дорвитой хийгдээгүй. Тиймээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түшиглэж энэ ажлыг зохион байгуулахаар тогтоод байна.

УИХ-аас гарсан тогтоол ёсоор бол 2017 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд арьс шир, өлөн, ноос боловсруулах үйлдвэрүүд хотоос гарсан байх тухай тохиролцоонд хүрсэн байдаг. Хэрвээ одоо богино хугацаанд энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хийгдэх шинэ цэвэрлэх байгууламжийн технологид шууд нөлөөлөх учраас энэ асуудлыг маш түргэн шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа" гэв.

Барилга хот байгуулалтын яам болон нийслэлийн албаны хүмүүсийн хэлж буйгаар шинэ цэвэрлэх байгууламжийн ажил тун удахгүй эхлэх бөгөөд энэ хаврын томоохон бүтээн байгуулалтуудын нэг гэдгийг онцолж байлаа. Мөн шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл өмхий үнэрийг дарах, багасгах ажлыг тасралтгүй хийх болно хэмээж байсан юм.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn