Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв цэвэрлэхийн "ТҮМЭН" асуудал

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 14
iKon.MN
 

- Өдрийн сурвалжлага -

Улсын Их Хурлын Байгаль орчны байнгын хорооны гишүүд Улаанбаатар хотын Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.

"УСУГ Испани улсын засгийн газарт 130 тэрбум төгрөгийн өртэй. Өрийн хүүнд баригдсан байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна" гэх мэдээллээр УСУГ-ын дарга Ц.Төрхүү нөхцөл байдлаа танилцуулж эхэллээ.

1964 онд байгуулагдсан Төв цэвэрлэх байгууламжид 2003-2004, 2007-2009 онуудад Испани улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн бөгөөд тухайн үед том шинэчлэл болж үр өгөөжөө өгсөн хэдий ч өрөө төлөх шаардлагатайн дээр тоног төхөөрөмж хуучирч, үйл ажиллагаа нь доголдож эхэлснийг дуулгалаа.

Ингээд цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг танилцууллаа.

Бохир хүлээн авах камерт 00-н цаас, хүүхдийн живх бүр хувцас, гутал хүртэл ирж байна
 

Хотын бохир хоёр шугамаар цэвэрлэх байгууламжид нийлүүлэгддэг бөгөөд хүлээн авах камерт ирж байгаа усанд 00-н цаас, хүүхдийн живх бүр хувцас, гутал хүртэл байх аж. Үүнийг харсан Байгаль орчны байнгын хорооны дарга Ц.Гарамжав "Шугам хоолой руу орж болохгүй даавуу хувцас, гутал энэ байгууламж дотор байна. Иргэд минь энэ асуудалд маш анхааралтай хандаач ээ. Том хэмжээтэй хогоо болж өгвөл цаасаа ч гэсэн битгий шугам хоолой руу хийгээрэй. Цэвэрлэх байгууламжийн хүчин чадал байх ёстой хэмжээнээсээ дөрөв дахин хэтэрчихээд байхад дээр нь иргэдийн ухамсаргүй үйлдлээс үүдэлтэй бохирдлын асуудал үүсч байна" хэмээн ярьж байлаа.

Эндээс гарсан ус элс тогтоогуур анхдагч тунгаагуураар дамжин биологийн цэвэрлэгээнд ордог аж. Ийм системээр ус цэвэршүүлдэг цэвэрлэх байгууламжид 10 гаруй төрлийн бактери үржүүлдэг хэдий ч одоогийн байдлаар төв цэвэрлэх байгууламжид хоёр төрлийн л бактери байгаа гэнэ. Бактериуд дотроо олон янз бөгөөд ялгадас, шороо, элдэв бохирдол, үнэр иддэг гээд олон төрөл байдаг ажээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат "500 кг лагийг 13 кг болтол нь иддэг бактери байдаг" талаар сонссоноо байгууламжийн албаныханд хэлж байлаа.

 

Биологийн цэвэрлэгээнд орсон ус хоёрдогч тунгаагуур руу ордог юм байна. Хоёрдогч тунгаагуурын ус анхдагч тунгаагуурынхтай харьцуулахад тунгалаг, өмхий үнэр багатай болсон байлаа. Дараа нь усыг хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэн Туул гол руу нийлүүлдэг ажээ.

"Хэд хэдэн дамжлагаар дамжуулан бохир усыг цэвэршүүлж байгаа ч хоногт хүлээж авах усны хэмжээнээс их ус ирдэг. Мөн усны бохирдлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан одоогийн байдлаар усыг 70 гаруй хувьтай цэвэршүүлж байгаа.

Цэвэрлэх байгууламж хоногт 170,000 метр куб ус хүлээн авах хүчин чадалтай. Гэтэл бороотой өдрүүдэд 210,000 метр куб хүртэл хэмжээний ус ирж байна. Энэ нь шинээр баригдаж байгаа хорооллууд борооны ус зайлуулах хоолойгоо төв цэвэрлэх байгууламж руу явдаг бохирын хоолойтой холбосноос үүдэлтэй. Уг нь бол борооны ус шууд Туул гол руу ордог байх ёстой" хэмээн Төв цэвэрлэх байгууламжийн Ерөнхий инженер Ц.Болд хэлж байлаа.

Лагаас өмхий үнэр гардаг учраас үнэр дарах, хатаах процессыг хурдасгах биоперепарат бодис цацаж байгаа
 

Бохироос тунаж үлдсэн лагийг 44 картанд тарааж хатаах бөгөөд хатааж буй лагаас өмхий үнэр гардаг учраас үнэр дарах, хатаах процессыг хурдасгах биоперепарат бодис цацаж байгаа ажээ.

Өнгөрсөн зун цэвэрлэх байгууламжаас гарах үнэрийг багасгах, засвар үйлчилгээ, шинэчлэл хийх зорилгоор улсын төсвөөс 8.1 тэрбум төгрөг гаргаж 20 ажил хийхээр төлөвлөжээ.

Тэдгээр ажлуудаас одоогийн байдлаар,

  • 12 ажил 100 бүрэн дууссан
  • Таван ажлын угсралтын ажил хийгдэж байгаа
  • Гурван ажил эхлээгүй байгаа ажээ.

Мөн энэ зун нийлүүлэгдсэн зарим тоног төхөөрөмж ажиллахгүй байгааг цэвэрлэх байгууламжийнхан хэлж байлаа. Тухайлбал, Түүхий үлдэцийн насос станцид нийлүүлсэн хоёр насос ажиллахгүй байсан учраас нийлүүлсэн компанид буцааж өгсөн байна.

Шинэ цэвэрлэх байгууламж барих нийт өртөг 370 сая ам.доллар

Байгууламжийн үйл ажиллагааг танилцуулж дууссаны дараа үндсэндээ цэвэрлэх байгууламж аваарын байдалтай ажиллаж байна. Урсгал засвар шинэчлэлтүүдийг хийх шаардлагатай байна хэмээн хэлж байлаа. Нийслэлийн засаг даргын тамгын газар дээр цэвэрлэх байгууламжийн асуудлаар байгуулагдан ажиллаж буй ажлын хэсгээс зайлшгүй хийх шаардлагатай доорх ажлуудын жагсаалтыг гаргажээ.

  • Шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг яаралтай эхлүүлэх /2016 онд ТЭЗҮ зураг төсөл боловсруулах ажил бэлэн болсон/
  • Хуучин цэвэрлэх байгууламжийг шинэчлэх
  • Улс, нийслэл, гадны хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бохир усны шугам хоолойн чанар стандартыг сайжруулах, хяналт тавих
  • Насжилтын хугацаа дууссан шугам хоолойг доторлох техник технологийг нэвтрүүлэх
  • "Ус бохирдуулсаны төлбөрийн тухай” хуулийн журмыг баталж мөрдүүлэх
  • Биоцөөрөм болон 2-р тунгаагуурын ажлыг дуусгах
  • Агаарын машин шинэчлэх 5ш
  • Сараалж шинэчлэх 9ш    
  • Аэротенкийн бетон хийцийн засварын ажил
  • ХЗНС-ын дугуй резервуарын барилгын их засвар
  • Баруун сараалжийн барилгын их засвар
  • Испаний вант улсын зээлийн асуудлыг шийдэх
 

Түүнчлэн "Шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ бэлэн болсон бөгөөд Францын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани хийсэн.

Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа бохир усыг Япон болон Европын орнуудад шинжлүүлж үзээд хамгийн сүүлийн үеийн азотфосфер зайлуулах технологийн дагуу хийвэл тохиромжтой гэж үзсэн. Цэвэрлэх байгууламж барих нийт өртөг 370 сая ам.доллар бөгөөд хоногт 250,000 метр куб ус цэвэршүүлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байгаа. Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орчихвол 2030 он хүртэл хэвийн ажиллах боломжтой. Шинэ цэвэрлэх байгууламж ажиллаж байх хооронд хуучнаа засаж сэлбээд авбал үндсэндээ 2050 хүртэл асуудалгүй ажиллана гэж тооцоолсон.

Шинэ цэвэрлэх байгууламж барих 25 га газрыг хадгалж авч үлдээд байна" хэмээн УСУГ-ын Ерөнхий инженер Б.Батсүх хэлж байлаа.


Нийслэлчүүдийн жилийн дөрвөн улирлын асуудал болоод буй бохирын үнэр шинэ цэвэрлэх байгууламжтай болж, арьс шир, өлөн боловсрууах үйлдвэрүүдийг хотоос гаргахаас нааш арилахгүй нь. Лаг дээр бодис цацаж үнэрийг нь дарж байгаа хэдий ч тодорхой хэмжээгээр үнэртэж л байлаа. Салхины аясаар  хаашаа л бол хаашаа ханхална.

52 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Төв цэвэрлэх байгууламжид олон удаагийн засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн хэдий ч цаашид байтугай одоо ч ачааллаа дийлэхгүй байгаа. Тиймээс шинэ цэвэрлэх байгууламж барих нь л хамгийн оновчтой шийдэл.

Мөн арьс шир, өлөн боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргах ажлыг зоригтойхон эхлүүлэхгүй бол нийслэлчүүд, ялангуяа хотын баруун хэсгийнхэн өдөр бүр, амьсгалах тутамдаа эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг