Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хавайд дахин хоёр хагарал нээгдэж, галт уул дэлбэрэх аюул нэмэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Хавайн том арал дээр дахин хоёр том хагарал үүсч, галт уулын халуун хайлмаг оргилж эхэлсэн нь тус арлын газрын дулааны станцын ойролцоо байв. Станцаас дэлбэрэх аюултай химийн бодисуудыг тээвэрлэн нүүлгэжээ.

 Эхний хагарал үүсмэгц 4 давхар барилгын өндөртэй, 40 метр өргөнтэй хайлмаг олгойдон гарч иржээ. Харин хоёр дахь хагарлаас лаав оргилохгүй байгааг сүүлд зарласан байна.

Олон жилийн турш идэвхтэй байсан Килауеа галт уул сүүлийн 10 хоногт эрчимжиж, нийт 17 газрын хагарал үүсгэснээс их хэмжээний лаав оргилоод байгаа юм.

Үүний улмаас олон арван барилга, байгууламж сүйрч, 1,700 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт Хавайн том арал дээр гамшгийн нөхцөл байдал зарлажээ.

Ингэснээр галт уулын гамшиг зөвхөн Хавай мужийн асуудал биш, улс орны хэмжээний асуудал болж, Вашингтоны засгийн газраас хохирлыг барагдуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болж байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр судлаачид удахгүй Килауеа галт уулын тогоонд асар хүчтэй дэлбэрэлт болж болзошгүйг анхааруулаад байгаа. Ийм дэлбэрэлтийн улмаас хөргөгчний хэмжээтэй хад чулуу агаарт хүчтэй шидэгдэж, хорт хий, хүчлийн бороо Хавайн арлыг нөмрөх аюултай гэнэ.

Түүхэнд Килауеа уул хэд хэдэн удаа ингэж дэлбэрч байсны сүүлчийнх нь 1924 онд тохиолдож байжээ.

 

Эх сурвалж: Reuters