Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

Чечений удирдагч Путины засаглалыг уртасгах санал боловсруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Чечений БНУ-ын хууль тогтоогчид үндсэн хуулинд заасан ерөнхийлөгчийн дараалан сонгогдох хязгаарыг сунгах саналыг боловсруулснаа Москвад илгээжээ.

Хэрвээ энэ санал дэмжигдвэл 65 настай ерөнхийлөгч Владимир Путин 2024 оноос цааш үргэлжлэн ОХУ-ыг захирах боломжтой болох юм.

Одоогоор Путин 24 жил улс орноо удирдах боломжтой болоод байгаа ба энэ нь түүнийг Иосиф Сталинаас хойш хамгийн урт хугацаанд төр барьсан Зөвлөлт/Оросын удирдагч болгож байна.

Путин 2000-2008 оны хооронд дөрвөн жилийн хугацаатай хоёр удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон. Үүний дараа үндсэн хуулийн хязгаарлалтын улмаас дөрвөн жил ерөнхий сайдын суудалд шилжиж байв.

Харин 2012 онд буюу ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосны дараа дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Энэ долоо хоногт тэр хоёр дахь зургаан жилийн засаглах хугацаагаа эхлүүлээд байна.

Пүрэв гарагт Чечений хууль тогтоогчдын гаргасан саналд нэг хүн ерөнхийлөгчөөр дараалан сонгогдох тоог гурав болгон нэмэгдүүлжээ. Хэрвээ ОХУ-ын холбооны парламент энэ саналыг дэмжвэл хуульд тусгагдах болно.

Чечений засгийн тэргүүн Рамзан Кадыровын анх гаргасан энэхүү саналд одоогоор Кремль ямар нэг хариу өгөөгүй байна.

 

Эх сурвалж: Time.Com