Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэнд, Шинжлэх ухааны ҮЭ-ээс АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ зарлалаа

Г.Номин, iKon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хорооны зохицуулагч Д.Бямбаа нар өнөөдөр Сүхбаатарын талбайд ажил хаялтын өмнөх суулт хийлээ.

Энэ удаагийн суулт 09:00-10:00 цаг хүртэл үргэлжилсэн бол цаашид өдөр ахих тусам суултын хугацаа уртсах аж.

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар "Төрийн үйлчилгээний салбар тэр дундаа эрүүл мэндийн салбарт хөдөлмөрийн мөлжлөг тогтоод байна. 2014 оны есдүгээр сараас хойш бидний цалин сохор зоосоор ч нэмэгдсэнгүй. Манай эрүүл мэндийн салбарынхан хэдийн ажилтай ядуус болж хувираад байна. Гэтэл Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ "Үйлдвэрчний эвлэлийн шаардлагаар цалин нэмэхгүй" гэж хэлсэн байна. Энэ бол Засгийн газрын 370 тоот тогтоолыг онц ноцтойгоор хэрэгжүүлэхээс татгалзаж байгаагаа харуулсан үйлдэл гэж үзэж байна. 

Тавдугаар сарын 1-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  сайд С.Чинзоригоор ахлуулсан цалин нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр эхэлсэн. Засгийн газар ямар ч гаргалгаагүйгээр орж ирсэн. Хэлэлцээр хийгээд л байдаг ямар ч үр дүн гардаггүй. Бүтэн дөрвөн жил биднийг хуурч байна. Тиймээс тэмцлийн хурц хэлбэр рүү орно. 

Үнэхээр эрүүл мэндийн салбарынханыг ажил хаялтад турхирч байгаа юм биш. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хийж байгаа шударга тэмцлийг үр дүнд хүргэхийн төлөө би энд сууж байна. Суултад оролцогчид өдөр ирэх тутам нэмэгдэнэ.

Ажил хаялт Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Бид өчигдөр орой хуралдаад хамтын маргаан үүсгэх шийдвэр гаргаж, ажил хаялт хийх эрхээ үүсгэхийн тулд СБД-ийн Засаг даргад мэдэгдлээ өгсөн байгаа. Хамтын маргаан зуучлагч, арбитр гээд нэлээд хугацаа шаарддаг учраас ажил хаялт хийх эрх үүстэл бид суултаа үргэлжлүүлнэ" хэмээн ярилаа. 

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

МҮЭХ-ны зүгээс одоо үргэлжилж буй гурван талт хэлэлээр үр дүнд хүрэхгүй тохиолдолд ажил хаялт зарлах тухай чиглэлийг харьяа үйлдвэрчний эвлэлийн холбооддоо хүргүүлж байгааг энэ үеэр МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлж байв.

Мөн Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан "Манай салбарын ажилчид үйлдвэрчний эвлэлийн холбоондоо хандан "Бидний цалинг нэг өдрийн өмнө ч болтугай нэмэгдүүлж өгөөч ээ" гэсэн хүсэлтийг ирүүлж байгаа учраас өнөөдөр энд ирж, ажил хаялтын өмнөх суултад оролцож байна" гэлээ.