Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Прокурор хүний толгой хуулийн лаборатори байх ёстой

Б.Төгөлдөр
2018 оны 5 сарын 10
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар ярьсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос зарим асуудлыг тодрууллаа.

-Таныг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн үнэн, мөнийг тогтооход санаатайгаар нөлөөлж байж болзошгүй гэдэг асуудлыг Ерөнхий прокурорын орлогч ярьсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би тэр нэвтрүүлгийг бүтэн үзсэн. Нэгдүгээрт, үзээд их л харамссан. Би дээр үеийн мундаг прокуроруудтай хамт ажиллаж, 10 жил хэрэг уншсан прокурор хүн шүү дээ. Хоёрдугаарт, уг нь би Прокурорын хоёр хуулийг санаачлан батлуулсан. Гэтэл прокурор мэргэжилтэй хүн тийм зүйл ярьсанд үнэхээр гайхсан. Зорилго нь тэр хүмүүсийг баримттайгаар шийтгэсэн, нотолсон гэж хэлэх гээд байх шиг байна билээ. Яг мэргэжлийн нүдээр харахад ганц ч баримт байхгүй л зүйл яриад байгаа юм.

Хүний аминд хүрсэн хэрэгт Содномдаржаа гэртээ агсам тавих ямар хамаатай юм бэ. Булганы үзүүлсэн салаавч ямар хамаатай юм бэ. Чимгээ гэдэг хүүхэн нотолгоогоо гаргаж ир гэсэн нь ямар хамаатай юм бэ. Энэ өнцгөөс нь харахад их л ядуу ярилцлага байсан. Надад ойлгогдсон гол юм нь энэ асуудлаар ярьж болохгүй, яривал хохь нь шүү гэсэн сануулга л өгөөд байх шиг харагдсан. Нэгт, энэ хэргийг үйлдсэн гэж гурван хүн шүүхээр шийтгүүлсэн. Дээд шүүхэд хүрээд асуудал нь дууссан.

Энэ тохиолдолд шүүхийн гаргасан шийдвэрт шүүмжлэлтэй хандах эрх хэнд ч байгаа. Нэгэнт, шүүхийн шийдвэр гарчихсан байхад нөлөөлөх боломжгүй шүү дээ. Хоёрт, би энэ асуудлын талаар давж заалдах шатны шүүх хурлын дараа, Монгол телевизээр прокурорууд ярьж эхэлсний дараа ярьсан. Шүүхийн шийдвэр гараад, хүмүүс ял авсан учраас ярьж болдог үед гэсэн үг.

Шүүхийн шийдвэр гарчихсан хэргийн талаар ярих нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад саад болно гэж байхгүй. Хууль зүйн хувьд хүмүүс нь ялаа эдэлж байна. Энэ хэргийг уншсан байтугай холоос харсан ч УИХ-ын гишүүн байхгүй, Тагнуулын газар аваачаад нуучихсан юм чинь. Шүүгч, прокурор, мөрдөгчтэй нь уулзсан УИХ-ын гишүүн байхгүй.

-Энэ хэрэгтэй холбогдуулж УИХ-ын зарим гишүүнд хэрэг үүсгэсэн гэсэн?

-Тэгж яриад байна лээ. Ямар хэрэг хэн дээр үүссэнийг би мэдэхгүй. Ярианых нь өнгөнөөс харахад 2017 оны долоодугаар сарын 7-нд Чимгээ ар гэрийнхэнтэйгээ уулзсан. Түүний дараа Т.Чимгээ юм ярихаа больсон гэж ярьсан учраас ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэсэн юм байна гэж ойлгосон. Монгол Улсын Үндсэн хуульд эцэг эхийн үйлдсэн хэргийн төлөө, үр хүүхэд нь ял үүрч, хариуцлага хүлээдэггүй. Одоо байтлаа үр хүүхдийнхээ төлөө явсан ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэж хойноос нь мөрддөг болж байгаа юм байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нэгт, гэм буруугүй нэг ч хүнд ял шийтгэж болохгүй гэсэн зарчим бий. Хоёрт, мэтгэлцэх зарчим, гуравт, гэм буруугийн тухайд яллагдагчийн хувьд эргэлзээ байвал энэ асуудлыг яллагдагчийн хувьД ашигтайгаар шийднэ гэсэн алтан зарчим бий. Би хоёр дахь буюу мэтгэлцэх зарчмын талаар яриад байгаа юм. Прокурорууд нь гарч ирээд ил ярьж болдог юм бол өмгөөлөгчийг нь яриул гэдэг л асуудал тавьж байгаа. Нэг талд нь прокурор сууж яллаад, нөгөө талд нь өмгөөлөгч баримтаа барьж байгаад хамгаалдаг.

Энэ дундаас шүүх үнэнийг олж тогтоон шийдвэр гаргадаг. Гэтэл энэ хэрэг дээр өмгөөлөгч огт байхгүй. Мөрдөгч, прокурорууд өөрөөр хэлбэл, төр ил далд бүх механизмаараа шийтгүүлсэн хүмүүс, ар гэрийнхэн, өмгөөлөгчийнх нь хойноос хөөцөлдөж байна. Тэгэхээр мэтгэлцэх алтан зарчим байхгүй болж байгаа юм. Хуулийн систем нурж байна гэж миний яриад байгаа ердөө л энэ, Түүнээс УИХ-ын гишүүдэд эрүү үүсгэсэн асуудал байхгүй.

Мөрдөн байцаах ажилд саад учруулж байна гэдэг хэрэг үүсгэж, айлган дарамтлах сүрдүүлэг явж байна. Ингэж болохгүй. Прокурор хүнд төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг мэргэжлийн зэрэг, цол олгодог. Прокурор хүний толгой хуулийн лаборатори байх ёстой. Асар өндөр зэрэглэлтэй, мэдээллээс гол зүйлээ аваад үлддэг, гэмгүй хүнийг мөшгөж байвал зогсоодог албан тушаал юм шүү дээ. Тийм хүний доор ажиллаж байгаа, орлогч нь хийж байгаа хүн ийм зүйл яриад сууж байна гэдэг үнэхээр харамсалтай.

-Хууль зүйн байнгын хороо мягмар гарагт хаалттай хуралдахдаа ямар асуудал хэлэлцсэн юм бэ?

-Өчигдөр /уржигдар/ хаалттай хуралдсан учраас би нарийн юм ярихгүй. Ерөнхийдөө өмгөөлөгчдийн үгийг сонсъё гэсэн. Энэ хэргийн нотлох баримтууд нууцаас гарсны дараа өмгөөлөгчид нь надад өргөдөл ч ирүүлсэн, өөрсдөө ч уулзсан. Тэд “Бид их сонин шүүх хуралд суусан. Асар их дарамттай байсан. Шүүх хуралд ороод сууж байхад хойд талд нь хар масктай, буу барьсан тусгайгийнхан зогсож байсан. Ариун цэврийн өрөө рүү дагаж орж байсан.

Хэргийг уншаад тэмдэглэл хийхээр тэмдэглэлийг хурааж авч байсан” гэсэн. Одоо хүртэл тэр тэмдэглэлүүд тагнуулд хадгалагдаж байгаа. Ийм л байдалтай шүүх хурал болж, мэтгэлцэх зарчим алдагдсан. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг прокурор өөрөө толгойлсон нь бүх алдааны суурь болсон. Тэр Г.Эрдэнэбат толгойлсон. Эрдэнэбат прокурор ч хүн биш. Их сургуулийн багш байж байгаад танил тал, үнэнч байх гэдэг шалгуураар Ерөнхий прокурорын орлогч болчихсон хүн.

Ярьж байгаа зүйлийг нь мэргэжлийн үүднээс үзвэл инээдтэй зүйл их ярьж байна лээ. Жишээлбэл, Булганыг энэ хэргийн хамжигч байсан гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж байгаа юм. Гэтэл дөнгөж сая Б.Булганыг яллагдагчаар татаж, байцааж байна гэдэг дүгнэлт гаргасныг харлаа. Энэ хэргийн хамжигч гэж жил хорьчхоод сүүлд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгоод өнөөдөр яагаад дахиад яллагдагчаар татаж байгаа юм. Хамжигч байсан учраас шүүх хуралд оролцуулж болохгүй байсан юм гэж ярьж байна лээ.

Гэмт хэрэгт зохион байгуулагч, хамтрагч, хамжигч, гүйцэтгэгч гэж байдаг. Ер нь энэ нэвтрүүлгийг үзээд би их харамссан. Захиалагчийг нь олоогүй хэр нь тэр аймар ухаантай захиалагч байна лээ. Баригдахгүйн тулд хөдөөний, насанд хүрээгүй хүүхэд олж нарийн төлөвлөсөн байна лээ гэж л прокурор хүн яриад байгаа юм даа. Өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэгэн цагт энэ хэргийн учир гарна. Дээд шүүх дээр очих боломжгүй болгож, айхавтар том хуулийн завхрал санаатайгаар хийсэн. Дээд шүүх дээр хурал болоход Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг томилдог.

Танхимын шүүгчийн эрхийг дээд шүүхийн ерөнхий шүүгч булааж аваад өөрөө шүүх хурлыг даргалсан. Энэ дунд Хяналтын шатны шүүх буруу шийдвэр гаргавал Дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах нэг эрх байдаг. Тэр гомдол үнэн байвал Дээд шүүхийн Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичээд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оруулах нэг шат байдаг. Дөрөв дэх шат нь энэ. Анхан, хяналт, давах, бүх шүүгчдийн хуралдаан гэсэн дөрвөн шат байдаг. Гэтэл Ерөнхий шүүгч тэргүүн шүүгчийнхээ эрхийг булааж авснаас болж эсэргүүцэл бичих дөрөв дэх шатны эрх байхгүй болсон. Үүнийгээ ярихгүй байгаа юм.

Мөн Амгаланбаатарын олон удаагийн хэрэг худлаа хүлээсэн зүйлийг огт ярихгүй байна лээ. Зориудаар хаяж байгаа. Чимгээ, Содномдаржаа, Булганы тухай ярьж, зураг, бичлэг үзүүлээд байдаг. Гэтэл гол бүх зүйлийг ярьсан Амгаланбаатарын тухай нэг ч яриагүй. Бусад нотлох баримтаар бид нотолсон гэсэн. Тэр нотлох баримтаа гаргаад тавиач. Би хувьдаа тийм л зүйлийг хүсээд байна. Үнэхээр баримтыг нь олоод нотолчихсон юм бол дугаараар нь ил гаргах ёстой.

Ийм баримтад үндэслэн Чимгээд ял оноосон гээд хэлэх хэрэгтэй. Хяналтын шатны шүүх буруу шийдвэр гаргавал ял эдэлж буй хүн Дээд шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Тэр гомдол зөв байвал дээд шүүхийн ерөнхий шүүгчид эсэргүүцэл бичээд Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх шат бий.

-Таныг С.Зориг агсны хэргийн материалтай танилцах эрхгүй мөртлөө хууль зөрчөөд танилцсан гэж ярьсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Би хэргийн материалтай танилцаагүй. Нэгдүгээрт, надад энэ хэргийн асуудлаар маш олон өргөдөл ирдэг. Хоёрдугаарт, мэргэжлийн мэдээлэл өгдөг хамтран ажиллаж байсан хүмүүс олон бий. Манай салбар дотроосоо үүнийг эсэргүүцдэг хүмүүс “Уг хэргийг ингэж завхруулж байна, сайдаа” гэж надад хэлдэг. Өмгөөлөгчид арга ядаад ирдэг. Жишээ нь, Чимгээг айлган сүрдүүлэхийн тулд хашаанд нь хүний хүүр аваачиж хаясан гэж цагдаагийнхан надад хэлж байгаа юм. Үнэн л байсан.

Мөн “Наад Амгаланбаатар гэдэг хүн олон хэргийг худлаа хүлээсэн. Юу ч ярьж мэдэх хүн. Энэ хүний үгээр уг хэрэг яваад байна шүү дээ гэж цагдаагийнхан надад хэлдэг юм. Тэгээд үүнийг нь үнэн үү гээд асуухаар яалт ч үгүй үнэн л байдаг. Амгаланбаатар гэдэг хүн чинь “Архангайн Цэнхэрт гурван хүн алсан” гэж мэдүүлсний мөрөөр манай цагдаагийнхан хэлсэн газарт нь очиж xarac cap мөс ухаж байсан. Сүүлд нь худал болж таарсан.

Эрдэнэтэд Ганбат гэдэг хүнийг хутгалаад алсан хэргийг хүлээсэн. Цагдаагийнхан мөрөөр нь шалгахад мөн л худлаа байсан. Таксины жолоочийг мөчилсөн хэрэгт найзыгаа гүтгэсэн. Найзыг нь барьж аваад шоронд хийсэн. Гэтэл найз нь биш өөрөө болж таарсан. Ийм хүний үгээр эд нар ажил явуулаад байна гэж манайхан надад хэлдэг. Түүнээс энэ хэрэг дээр өөрийгөө зовоож байх шаардлага надад алга. 

-Гүйцэтгэгчээс өмнө захиалагчийг олж ялладаг жишиг дэлхийд байхгүй гэж та хэлж байсан. Энэ хэргийн захиалагчийг олох ажилд улс төрийн үйл ажиллагаа орох вий гэсэн болгоомжлол хүмүүст байдаг?

-Захиалагчийг олж байж гүйцэтгэгчийг нь шийтгэдэг ёстой юм. Учир нь захиалагч мөнгө өгдөг. Түүнээс үнэгүй хүн алахгүй. Тэгээд захиалагч, гүйцэтгэгч хоёрыг нүүрэлдүүлэх ёстой юм. Өөр баримтгүй бол. Яалт ч үгүй хэргийн газарт баригдчихсан бол гүйцэтгэгчийг барьж болно. Гэтэл энэ хэргийн гүйцэтгэгч нь баригдалгүй 18 жил болчихсон.

Энэ тохиолдолд захиалагчийг олох явдал нэн тэргүүний асуудал юм. Жишээ нь, Булганы хэлсэн ам зургаар хүн ялласан. Гэтэл Булганыг хуралд нь оруулахгүй байна. Уг нь хуралд нь оруулаад “Чиний яриад байгаа хүн энэ мөн үү” гэж асуух ёстой юм байгаа биз дээ.. Надад улайрч, дайрах зүйлгүй. Саяхан Содномдаржаагийн ээж нь өмгөөлөгчийнхөө хамт ирж, надтай уулзсан.

Би “Таны хүүхдийг өмөөрч яваад байгаа юм биш. Үүнийг та хатуу ойлгоорой. Хүүхэд чинь үнэхээр хэрэг хийсэн юм бол ярих юм байхгүй. Хуулийнхаа дагуу л явах ёстой. Надад сайн хүн болж харагдах шаардлага огт байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн бол ялаа үүрэх л ёстой. Хуулийн зарчим алдагдсан болохоор би ингэж байгаа шүү гэдгийг эцэслэн хатуу ойлгоорой” гэж хэлээд гаргасан. Энэ хэрэгт өмгөөлөгчийг үгүй болгож мэтгэлцэх зарчмыг үгүй хийж буй нь миний дургүйг хамгийн ихээр хүргэж байгаа юм.

Энэ зүгээр нэг хэргийн асуудал биш. Хуулийн тогтолцоо бүхэлдээ нурах аюултай. Олон улсын парламентаас ирсэн бичигт “Уг хэрэг энэ янзаараа дуусвал Монголын цаашдын хувь заяанд туйлын хортой нөлөө үзүүлнэ” гэж бичсэн байсан. Энэ үнэн шүү дээ.

Зураг