Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

М.Цэндсүрэн: Хурхирах нь эрүүл мэндийн хувьд ноцтой үр дагавар үүсгэдэг

СОНГДО ЭМНЭЛЭГ
2018 оны 5 сарын 7
СОНГДО зөвлөж байна
Зураг зураг

Сонгдо эмнэлгийн чих, хамар хоолойн эмч М.Цэндсүрэнтэй ярилцлаа.

- Хурхирахыг хэвийн үзэгдэл гэж хүмүүс эндүүрэх нь элбэг байдаг  ч энэ нь эрүүл мэндэд ноцтой үр дагавартай гэдэг? 

- Хурхирах гэдэг нь унтаж байгаа хүний амьсгалах үедээ гаргаж буй хажуугийн хүмүүст сонсогдох маш таагүй дуу авиа юм. Энэхүү чимээ нь хэлний уг болон залгиурын арын хананд зөөлөн тагнай хүүхэн хэлний чичирхийллээс үүсдэг. Унтах үед залгиурын арын ханын зөөлөн эд болон хэлний булчингууд сулардаг.

Хэл арагш унаж агаар дамжих зам нарийсдаг. Нарийхан замаар агаар дамжихад агаарын хөдөлгөөн хурдсан хуйлрал үүсгэж булчингууд нэг нэгнийхээ эсрэг чичирхийлснээр хурхирах дуу авиа үүсдэг.  Бачуухан замаар саатсан агаарын даралт ихэсвэл хурхиралт улам чангардаг. Унтаж амарч байх үедээ хурхирснаар бүрэн тайван нойрсож чадахгүй.

Унтах хэмнэл алдагдсанаар өдөр нойрмоглох, гүйцэт амрахгүй гэх мэт наад захын зовиурууд бий болдог. Цаашилбал эрүүл мэндэд ноцтой нөлөөлж яваандаа зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, артерийн даралт нэмэгдэх зэргийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог. 

- Хурхирах, нойрон дунд амьсгал бөглөрөх хам шинж нь нэг ойлголт уу?

- Хурхиралт нь нойрон дунд амьсгал бөглөрөх хам шинжийн нэг байж болно. Нойрон дунд амьсгал бөглөрөх гэдэг нь таны төсөөлж буйгаас ч илүү ноцтой амь насанд аюултай нөхцөл юм. Амьсгал бөглөрөлт гэдэг нь 10 секунд болон түүнээс дээш хугацаагаар чөлөөт амьсгал саатахыг хэлдэг.

Нойрон дунд амьсгал бөглөрөх нь зүрх судасны өвчний халгаат хүчин зүйлийг нэмэгдүүлж  артерийн даралт ихсэх, ой ухаан муудах, анхаарал төвлөрөлт сарних, ажлын чадвар буурах, аваар осолд орох, гэр бүлийн бухимдал зэрэгт хүргэдэг. 

- Голчлон нөлөөлдөг хүчин зүйлс нь юу байдаг вэ? 

Нойрон дунд амьсгал бөглөрөл бий болоход нөлөөлөх хүчин зүйлд: таргалалт, наслалт, эр хүйс, хамар хоолойн анатомийн өөрчлөлт, хамрын таславчийн мурийлт, толгойн болон нармайн гүйлсэн булчирхайн томролт, том хэл, зөөлөн тагнайн урт, уян том байдал ордог.

  • Хэн нэгэн танд хурхирч байгаа тухай чинь гомдоллож хэлж байсан 
  • Танд өөрт чинь унтаж байх үедээ амьсгаа багтрах буюу амьсгал бөглөрөх тохиолдол байсан 
  • Та өдөржингөө хэт их нойрмоглодог 
  • Таны ажлын чадвар буурах болон анхаарал төвлөрөлт сарних тохиолдол байсан зэрэг шинж тэмдгүүдийг өөрөө мэдрэх буюу ойр дотныхон чинь хэлбэл нойрон дунд амьсгал бөглөрөх хам шинжтэй байж болзошгүй гэж үзэн мэргэжлийн эмчид үзүүлэхийг зөвлөх байна. 

- Ямар хүмүүс нойрон дунд амьсгал нь бөглөрөх хандлагатай байдаг вэ?

- Хурхиралт болон нойрон дунд амьсгал бөглөрөх хам шинж нь эмгэг байдал бөгөөд тодруулбал согтууруулах ундаа хэт их хэрэглэсэн үед болон тарган хүмүүсийн дунд нийтлэг тохиолддог. Хурхиралт нь настай холбоотой өсдөг бөгөөд 30-аас доош насны эрчүүдийн 10 хувьд, 60-аас дээш насны эрчүүдийн 60 хувиас илүүд тохиолддог гэсэн судалгааны дүн бий.

- Нойрон дунд амьсгал бөглөрөх хам шинжийн эмчилгээний хувьд? 

- Эмчилгээ нь хувь хүн бүрийн онцлогоос шалтгаалахын зэрэгцээ  өвчний хүнд хөнгөнөөс бас хамаарч сонгомол болон хавсарсан эмчилгээнүүд хийгддэг. 

Амьдралын хэв маягаа өөрчлөх буюу биеийн жин бууруулах, согтууруулах ундааны хэрэглээг багасгах, тамхинаас гарах, нойрны эрүүл ахуйд анхаарал тавихаас эхлээд амьдралын туршид СРАР (confinuous positive airwaу pressure)  төхөөрөмжийг шөнө унтах үедээ хэрэглэх хүртлээ эмчилгээний олон арга бий. Агаар дамжуулах дээд замын мэс засал нь бөглөрлийн хэмжээ, байрлал, түвшинг бууруулах зорилготойгоор хурхиралтанд хүргэж буй зөөлөн тагнай, хэл, хоолойн мэс ажилбарууд хийдэг. 

Сүүлийн үеийн эмчилгээний үр дүн өндөртэй аргын нэг нь зөөлөн тагнайд суулгац тавих ажилбар болоод байгаа.  Энэ ажилбар нь зөөлөн тагнайн эдэд полиэтилен жижиг гурван эгнээ сүлжмэл нийлэг зүйлийг байрлуулж тавьснаар зөөлөн тагнай чангарч хурхиралт болон зөөлөн тагнайн чичирхийллийг аль алийг нь бууруулж амьсгалын дээд замын бөглөрөл болон зөөлөн тагнайг чөлөөлж буй арга юм. Энэ эмчилгээний үр дүн 80-85 хувьтай байгаа нь хамгийн өндөр үр дүнтэй гэсэн үг.

 

Эх сурвалж: Үндэстний тойм

Зураг