Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Манай улсын 1 сая гаруй хүн баталгаагүй, ил задгай ус хэрэглэж байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 4
iKon.MN
 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Монгол орны усны нөөц, ус ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Үндсэн хуулийн 16-р зүйлд иргэд орчны бохирдлоос хамгаалуулж амьдрах эрхтэйг заасан. Энэ эрхийн үндэс нь ус юм. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 2018 онд хүн амынхаа 80 хувийг цэвэр усаар хангана гэж заасан.

Усны ариун чанар, хөрсний бохирдол гэх зэрэг хам шинжийг цогцоор шийдэх хэрэгтэй. Дэлхий дээр 660 сая гаруй хүн усан хангамжийн дутагдалтай нөхцөлд амьдарч байна. Харин манай улсын 1 сая гаруй хүн баталгаагүй, ил задгай усыг хэрэглэсээр байгаа юм. Усны нөөц чанарыг нөхөн сэргээх сайн засаглалыг хэрэгжүүлэх шаардлага бидэнд тулгарч байна.

1990 он гэхэд 40 мянга гаруй худаг байгуулж услалтын систем байгуулж байсан. 2017 оны байдлаар манай улсын мал сүрэг 66 саяд хүрсэн ч бэлчээр усжуулалт 40 орчим хувьтай байна. Бид хүн амын усан хангамж, бохир ус цэвэршүүлэх, бэлчээр усжуулалтыг төрөөс хөхүүлэн дэмжиж ажиллах учиртай. Говийн бүсэд хэрэгжих уул уурхайн төслийн тоо нэмэгдсээр байна.

Өнгөрсөн жилүүдэд төр засгаас устай холбоотой олон тогтоол хөтөлбөрүүд батлагдан гарсан. Эдгээр хөтөлбөрийг тодорхой түвшинд хэрэгжүүлж ирсэн. Усны тухай 22 хууль бий. Монгол орны усны нөөцийг хамгаалах, хуримтлалыг бий болгох, нөөцийг хамгаалах уламжлалт зан үйлийг залууст хүргэх зэрэг үндсэн зорилтыг тавьсан ч бараг хэрэгжээгүй.

Төрөөс усны талаар баримталж буй өнөөгийн бодлого нь усны нөөцийг зохистой ашиглахад чиглэж байна. Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамны харъяа 21 усны сав газрын захиргаа нийслэл болон хөдөө орон нутагт ажиллаж байна.

Манай улсад жилд 564.8 куб усны нөөц бүрэлдэн бий болдог бөгөөд усны нийт хэрэглээ 500 орчим сая мкуб байна. 2020 он гэхэд жилийн усны хэрэглээ 2.7 дахин өсөх тооцоо гарсан. 

Сүүлийн жилүүдийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мөнх цаст, мөсөн голуудын усны нөөц 33 хувиар багассан. Монгол Улсын хүн ам өсөн нэмэгдэхийн хирээр усны хэрэглээ эрс нэмэгдэх хандлагатай боллоо.

Ус үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Гадаргын усны нөөцөө хойч үедээ өвлүүлмээр байна.

Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлж, газар доорх усны нөөцийг төрийн мэдэлд шилжүүлэх шаардлага тулгарч байна. Усны менежменттэй холбоотой бүтээн байгуулалтын асуудлыг шийдэх нь чухал" гэлээ.