Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Оджаргал маргааш "25 жил: ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ" илтгэл тавина

Б.Ану
2018 оны 5 сарын 4
iKon.MN
 

Монголын Залуучуудын Холбооноос санаачлан NEXT STOP нэртэй шалгаруулалтыг жил бүр хийж тухайн оныхоо шилдэг улстөрч, бизнес эрхлэгчийг нэрлэдэг. 

Өнгөрсөн жилийн тухайд дээрх шалгаруулалтаас гадна Шилжилтийн 25 жилийн шилдгүүдийг тодруулсанаараа онцлогтой. 

Next stop -оор шалгарсан улстөрч, бизнес эрхлэгчид шилдгээр шалгарсаныхаа дараа олон нийтэд зориулсан илтгэл тавьдаг уламжлалтай. 

Тиймээс ч маргааш буюу энэ сарын 5-ны өдөр Төрийн ордонд 2017 оны шилдэг улстөрчөөр шалгарсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, шилдэг бизнес эрхлэгчээр шалгарсан Монгол Телевизийн захирал, Тэрэлж зочид буудлын захирал, Монголын Хэвлэл мэдээллийн удирдах зөвлөлийн дарга Ч.Номин нар илтгэл тавих юм. 

Үүнээс гадна Шилжилтийн 25 жилийн шилдгүүд болох УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал нар илтгэл тавина. 

Ж.Оджаргалын хувьд өмнө нь мөн 2000 оны эдийн засаг, бизнесийн салбарын шилдэг залуугаар тодорч байсан бөгөөд 2001 онд буюу 17 жилийн өмнө залууст зориулан тавьж байсан илтгэлийг бид бүрэн эхээр нь хүргэж байсан. 

17 жилийн өмнөх илтгэлээрээ тэрбээр одоогийн MCS группийг яаж босгож байсан тухайгаа болон ирээдүйн хөгжлийг хэрхэн харж байснаа ярьсан байдаг. 

Ж.Оджаргал 17 жилийн өмнө "Өнөөдөр Монголд төрөл бүрийн бараа, үйлчилгээний хомсдол бараг арилж, одоо чанар, өнгө үзэмж, үнээрээ өрсөлдөж байна. Дэлхийн мэдээллийн урсгалд интернет, кабель зурагтаар өргөн холбогдсоны дүнд Монголчуудын оюуны болон материаллаг хэрэгцээ улам өсч, түүнийг нь хангах бизнесийн шинэ боломжууд мөн л нээгдсээр байгаа билээ. 

Хүний санаа шавхдашгүй бөгөөд энэ нь хөгжил дэвшлийн нэг хөшүүрэг болсоор ирсэн. Нэг үгээр хэлбэл, зах зээлээ жижиг гэж гололгүй бидэнд хийх бизнесийн боломж асар их байна" гэж ярьж байжээ.  М-Си-Эс группийн компаниуд сүүлийн 13 жилд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зарладаг ТОП 100 аж ахуйн нэгжүүдэд тогтвортой амжилт гаргаж, хувийн хэвшлээ байнга тэргүүлэн 56 удаа шилдгээр шалгарч байсан байна. 

17 жилийн дараа буюу маргааш Ж.Оджаргал "25 жил: Өнгөрсөн ба Ирээдүй" сэдвээр илтгэл тавих гэж байна. 

Ikon.mn сайт БИЗНЕСИЙН төлөөллийн шилдгүүд болох Ж.Оджаргал, Ч.Номин нарын илтгэлийг маргааш ШУУД ДАМЖУУЛАН хүргэх болно.