Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-Хятадын худалдааны асуудлыг хэлэлцэхээр Вашингтоны төлөөлөгчид Бээжинд ирлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын сангийн сайд Стивен Мнючиний ахалсан төлөөлөгчид өнөөдөр Бээжинд ирж байна. Тэд Хятадын талтай хоёр орны худалдааны асуудлуудыг хэлэлцэх юм.

Тус хоёр улс сүүлийн саруудад харилцан эдийн засгийн хатуу бодлого зарлаж, худалдааны дайны ирмэгт тулаад байгаа билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа “Манай хүчирхэг санхүүгийн баг худалдааны хэлэлцээр хийхээр Хятадад очоод байна. Ойрын ирээдүйд би ерөнхийлөгч Шитэй уулзана гэж найдаж байгаа. Бид үргэлж сайн харилцаатай байх болно!” хэмээн бичжээ.

АНУ-ын төлөөлөгчидтэй Хятадын засгийн газраас ерөнхий сайдын орлогч Лю Хэгийн ахалсан баг хэлэлцээр хийж, хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаанд үүсээд байгаа асуудлуудыг хэлэлцэнэ.

Өнгөрсөн гуравдугаар сараас дэлхийн хамгийн том хоёр гүрэн эдийн засгийн сөргөлдөөнөө эхлүүлсэн юм. Эхлээд Дональд Трамп Хятадын $50 тэрбумын дүнтэй импортод 25 хувийн татвар нэмэхээ зарласан байна.

Үүний хариуд АНУ-ын 128 нэр төрлийн импортын бараанд 15-25 хувийн татварыг Бээжингийн зүгээс оноосон юм.

Саяхан Америкийн компаниудыг Хятадын харилцаа холбооны ZTE компанид эд анги, програм нийлүүлэхийг нь долоон жилийн хугацаатай хориглох шийдвэрийг Вашингтон зарлаж байв. 

Хятадын засгийн газар Дэлхийн Худалдааны Байгууллагад хандан Трампын засаг захиргааны зах зээлээ хэт хамгаалсан бодлогын талаар гомдол мэдүүлсэн юм.

Дональд Трамп зөвхөн өнгөрсөн онд $375 тэрбумд хүрсэн АНУ-Хятадын худалдааны алдагдлыг арилгахыг зорьж байгаа.

Зөвхөн Хятадаас гадна Трамп Европын Холбоо, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудтай хийдэг гадаад худалдааны дүнг тэнцвэржүүлэх бодлого барьж байгаа юм.

Вашингтон-Бээжингийн хэлэлцээр хоёр өдөр үргэлжилж, Баасан гарагийн орой АНУ-ын төлөөлөгчид нутаг буцна.

 

Эх сурвалж: Reuters