Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ипотекийн зээлд өнөөдрийн байдлаар 93,099 өрх хамрагдаад байна

Т.Саран, iKon.mn
2018 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ипотекийн зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол банкин дээр ипотекийн зээл 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн.

2017 онд 400 гаруй сая төгрөгийг төлөөд алдагдлыг бууруулаад явж байгаа. Монголбанк ч энэ талаар арга хэмжээ аван ажиллаж байна.

Ипотекийн зээлийг 340 тэрбумаар санхүүжүүлж байгаа боловч хаанаа ч хүрэхгүй байгаа. Ипотекийн зээлийн олголт хүндрэлтэй байна" гэсэн мэдээллийг өчигдрийн чуулганы хуралдааны үеэр өгсөн юм. 

Банкнуудын ипотекийн зээлийн тайланг өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Монголбанк гаргасан. 

Уг тайлангаас харахад ипотекийн зээлд өнөөдрийн байдлаар 93,099 өрх хамрагджээ. 

Ипотекийн зээлийн үлдэгдэл 4.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 0.3 хувиар өсжээ.

График-1 /Зээлийн үлдэгдэл/ 

Гуравдугаар сард 497 зээлдэгч 49.5 тэрбум төгрөгийн зээл шинээр олгожээ.  Харин тус зээлийн жигнэсэн дундаж хүү нь 11.9 хувь байна. 

Нэг зээлдэгчид дунджаар 78.3 сая төгрөг ногдож байна. 

Нийт зээлдэгчийн тоо 93,099 байгаагийн 69.3 хувь нь 2 сая хүртэлх төгрөгийн өрхийн орлоготой байна. 

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 95.7 хувь нь хэвийн, 2.4 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байна. 

График-2 /Зээлийн үлдэгдлийн төлөв/ 

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 90.7 хувь буюу 3856.3 тэрбум төгрөг 80 м2 хүртэлх талбай бүхий орон сууц худалдан авахад зарцуулагджээ. 

Мөн уг зээлийн үлдэгдлийн 49.4 хувь буюу 2.5 их наяд төгрөгөөр 2011-2015 онд ашиглалтад орсон орон сууц худалдан авчээ. 

Бид өмнө нь Ипотекийн зээл олгож байгаа эсэх талаар арилжааны банкууд болон Сангийн Яам, Монголбанкнаас тодруулж байсан билээ.  Банкууд санхүүжилт хийгдээгүй учир ипотекийн зээл олгохгүй байгаа гэсэн мэдээллийг өгсөн.

Харин энэ талаар Монголбанкнаас "Сангийн яамтай хамтран энэ оны нэгдүгээр улиралд 48.18 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд олгосон" гэсэн бол Сангийн яам дараагийн санхүүжилт олгох тухайд бэлтгэл ажил хийгдэж байгаа гэсэн юм.