Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Таны хүүхэд хичээл номоо хийх дургүй байвал яах ёстой вэ?

Т.Жанерке, iKon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Орчин үеийн хүүхдүүд хичээлээ хийе гэсэн сэтгэл зүйн бэлтгэлгүй байна. Учир нь хүүхдийн сэтгэл санаанд нөлөөлдөг хүчин зүйл цөөнгүй. 

1. Техник технологи нөлөөлж байна

Дийлэнх эцэг эхчүүд техник технологийг үнэгүй хүүхэд асрагч гэж харж байна. Өөрийн биеийн амрыг бодож хүүхдээ түр саатааруулах зорилгоор гарт нь утас атгуулаад орхичихдог. Гэвч энэ нь ямар ч үнэ төлбөргүй биш юм. Өөрөөр хэлбэл төлбөрийг нь хүүхдийнхээ мэдрэлийн систем, санаа бодлоор төлнө гэсэн үг.

Хүүхэд яваандаа виртуал ертөнцийг бодит ертөнцөөс илүүтэй сонирхож эхлэх болно. Тархи нь маш их визуал эффект буюу хослол зураг, өнгө өнгийн графикт дасаж эхэлдэг байна. Харин сургуулийн хичээл эсрэгээр залхаадаг гэнэ. Эцэст нь хүүхэд сурах ямар ч хүсэлгүй болж хувирдаг байна. 

Техник технологи хүүхэд эцэг эхийн тэр нандин холбоог аажим аажмаар холдуулж эхэлдэг. Уг нь хүүхдийн бие хүний хөгжилд хүүхэд эцэг эхийн сэтгэхүйн холбоо хамгийн чухал байх ёстой юм. 

Шийдэл: Аль болох хүүхэдтэйгээ ойр дотно байх 

  • Хүүхэддээ цаг ямагт баяртай мэдээ дуулгаж баярлуулж бай. Инээлгэ, зүгээр л ямар ч хамаагүй тоглоомоор хамтдаа тогло. Дэрний доор нь сайхан урмын үг бичсэн зурвас үлдээж байгаарай. Хамтдаа дуулж, бүжиглэж, аялал зугаалганд явах хэрэгтэй.
  • Гэр бүл дотроо тогтсон уламжлал бий болго. Оройн хоолны ширээний ард заавал гэр бүлээрээ сууж байх хэрэгтэй. Долоо хоногт нэг удаа гэр бүлээрээ  тоглоомын газарт өнжих эсвэл байгальд аялах, оройн зугаалга гэх.мэт.
 

2. Хүүхдэд хүссэн юмаа авч болдог гэсэн сэтгэхүй суусан байдаг

Эцэг эхчүүдийн дийлэнх нь хүүхдийнхээ хүслийг биелүүлэхийг хичээдэг. Зарим нь хайрладаг учраас, нөгөө хэсэг нь уйлж өөрт нь саад болох вий гэж тав тухаа бодож хүүхдийнхээ хүссэн юмыг авч өгнө. Жишээ нь, Хүүхэд: “Би өлсөж байна” гэж хэлэнгүүт эцэг эх нь гарт нь идэх юм бариулна; “Тэр тоглоомыг авч өг!” гэвэл “За, одоохон”; “Уйдаад байна” гэвэл – “Алив май, миний утаснаас хүүхэлдэйн киногоо үз” гэж хэлнэ. Ерөнхийдөө иймэрхүү л харилцан яриа өрнөнө. 

Сэтгэл судлалын ухаанд авахыг хүссэн зүйлийг биелүүлэхгүй байх нь хүнд стрессийг даван туулахад туслах цорын ганц арга байдаг гэнэ. Харамсалтай нь эцэг, эхчүүд энэ талаар бодоод байдаггүй. Учир нь тэд хүүхдээ яг одоогийн агшинд л жаргалтай байлгахыг илүүд үздэг байна. Энэ нь хожим хүүхдийн ирээдүйд сөргөөр нөлөөлдөг. Хүүхэд бүтэлгүйтэх болгонд тэсвэр тэвчээр гаргаж чадахгүйд хүрнэ. 

Шийдэл: Хүүхдээ хүлээлгэж сурга

  • Уйдах нь хэвийн зүйл гэдгийг эвтэйхэн ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд илүү их бүтээлчээр сэтгэж, аливаа зүйлд бүтээлчээр хандаж сурна. Бүтээлч байх хамгийн эхний алхам гэсэн үг.
  • Хүүхдийнхээ хүссэн зүйлийг биелүүлэх гэж битгий улайр. Хүүхдийнхээ хүссэн зүйлээ авахыг хэлсэн өдөр, хүслийг нь биелүүлэх өдрийг бага багаар холдуулж байх хэрэгтэй.
  • Машин, нийтийн унаанд явж байхдаа, дараалалд дугаарлан зогсож байхдаа, кафе, ресторанд сууж байхдаа хүүхэддээ гар утасаа битгий өг. Энэ хугацаанд хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж, гоё тоглоом зааж өгөөрэй.

3. Хүүхэд бүр  өөрийгөө “хамгийн чухал хүн” гэж боддог

“Миний хүүхэд лууван иддэггүй”, “Эрт унтдаггүй”, “Өөрөө хувцасаа өмсөх дургүй” гэх мэтчилэн үгсийг бид өдөр болгон сонсдог билээ. Энэ нь хүүхэд өөрөө өөрийгөө яаж хүмүүжүүлэх ёстой вэ гэдгийг танд зааж байна гэсэн үг. Мэдээж маш буруу. Хэрвээ та хүүхдийнхээ хүссэн болгоныг биелүүлээд байвал сайн үр дүн гарахгүй л болов уу. 

Эцэст нь хүүхэд өөрийнхөө хүссэн зүйлдээ анхаарлаа хандуулж, таны үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг болно. Тэд “заавал ингэх ёстой”, “тэгэх ёстой” гэдгийг ойлгодоггүй. Амжилт амархан олддоггүй. Хичээл зүтгэл л амжилтыг авчирна. Шилдэг сурагч болохын тулд хичээл номондоо шамдан сайн суралцах хэрэгтэй. Алдартай хөлбөмбөгч болохын тулд өдөр шөнөгүй бэлтгэлээ базаах ёстой гэдгийг зааж өгөх нь хамгаас чухал. 

Шийдэл: Хязгаар тавь 

  • Техник технологийг ашиглах, унтаж амрах, хооллох хугацааг нь товлож өг;
  • Хүүхдийнхээ хүссэн зүйлээс гадна түүнд юу ашигтай, юу хортой вэ гэдгийг байнга сануулж бай;
  • Хүүхдийнхээ дургүй зүйл болгоныг тоглоом наадгайтай холбож байгаарай. Жишээ нь, хүүхдээ хичээлээ давтаж байхад даалгавар бүрээ хийж дууссаны дараа хүүхэдтэйгээ хамт нэг удаа тоглож байх хэрэгтэй.
 

4. Хүүхэд байнгын зугаацахад дассан байдаг

Эцэг эх болгон хүүхдийнхээ хором, мөч бүрийг баяр жаргалаар дүүрэн, сонирхолтой өнгөрүүлэхийг хүсдэг. Эсрэгээр байвал тэд эцэг, эхийн үүргээ сайн биелүүлж чадаагүй хэмээн өөрсдийгөө буруутгадаг байна. Гэвч амьдрал зөвхөн жаргалтай мөчүүдээс бүрдэхгүй. Заримдаа хичээл номонд төвлөрөхийн тулд аль болох тайван байх хэрэгтэй болно. Тэгвэл байнгын чимээ шуугиан дунд өссөн хүүхэд хичээл дээрээ тайван суух нь юу л бол. 

Шийдэл: Хүүхдээ багаас нь нэг хэвийн зүйлд сургаж, төлөвшүүл

  • Хүүхдийг өөрөөр нь хийлгүүлж сургах (тоглоомнуудыг хураах,  хувцсаа өлгөх, аав ээж нь дэлгүүрээс авчирсан хүнсийг шүүгээнд байрлуулах, оройн хоолны ширээ засах, ор хураах гэх мэт);
  • Ингэж хүүхдийг өөрөөр нь хийлгүүлж сургахдаа байнга тоглоомын аргыг ашиглах хэрэгтэй.  Тэгэж байж хүүхэд хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ ханддаг болно.

5. Хүүхэд аливаа орчиндоо хурдан дасдаггүй 

Одоогоос 20-иод жилийн өмнө хүүхдүүд өдөржингөө гадуур тоглодог байлаа. Үе тэнгийн найзуудтайгаа ярьж хөөрч, орчиндоо хурдан дасдаг байв. Харамсалтай нь орчин үеийн хүүхдүүд ихэнх цагаа компьютерийн ард, гар утастайгаа өнгөрөөж байна. Бүр эцэг эхчүүд хүртэл гадаа талбай, гудамжинд хүүхэдтэйгээ хамт явж байхдаа утсаа ширтээстэй.  

Шийдэл нь:

  • Хүүхдээр аливаа зүйлээ бусадтай хуваалцах, ялж ялагдах, баярлалаа, уучлаарай гэж хэлүүлж сурга;
  • Гэрт зочин ирэхэд хүүхдээ өрөөнд нь оруулж тусгаарлахгүйгээр ирсэн зочидтой яриулж хөөрүүлж сургах хэрэгтэй.

 

ВИДЕО: Эцэг эхчүүд хүүхэддээ хэр их цаг зав зарцуулдаг вэ?

 

Эх сурвалж: baribar.kz