2018/05/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B32
УЛААНБААТАР
23°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
10°
06:00
S32
07:00
S28
08:00
S28
09:00
S44
10:00
S44
10°
11:00
S44
11°
12:00
S44
12°
13:00
S44
12°
14:00
S44
13°
15:00
S44
13°
16:00
S44
13°
17:00
S44
13°

Д.Эрдэнэбат: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар огцрох ёстой

Т.Батсайхан
2018 оны 4 сарын 24
Зууны мэдээ
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Ардчилсан намын бүлгээс Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-У.Хүрэлсүхийн Зас­гийн газар байгуулагдаад зургаан сар өнгөрч байна. Энэ хугацаанд зарим сайд нарын хариуцлагагүй үйл ажиллагаа ард түмний бухимдлыг төрүүлсээр байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс огцруулах тухай саналаа УИХ-д оруулж, шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АТГ-т шалгагдаж байгаа “Хотгор шанага”-ын уурхайг БНСУ-ын иргэ­дэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй хуулийн зөрчил гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын 2016 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2017 оны 38 дугаар тогтоол, Төсвийн хуулийг зөрчсөн хариуцлагагүй үйлдэл нь нотлогдсон гэж үзэж байгаа.

Ц.Нямдорж сайд сүүлийн 10 орчим  жил “Bella Vista” хотхонд Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавин зээл авч Монгол Улсыг 100 гаруй сая долларын өрөнд оруулсан Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээсийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандан өргөдөл гаргасны хариуд Цэцийн зүгээс тухайн асуудлыг АТГ-аар шалгуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн байдаг. Ц.Нямдоржийн үнэгүй түрээсийн байрны эзэн Г.Алтан нь “Жаст”-ын гэх Ш.Батхүүд зээлсэн нэрийдлээр Төрийн банкнаас 53 тэрбум төгрөг гаргуулах болсон нь хууль бус, Төрийн банк дээрх хууль бус шийдвэрийн улмаас дампуурч болзошгүй хүнд нөхцөлд орсон гэдгийг тус банкны ерөнхий захирал Д.Баярсайхан мэдэгдсэн. Энэ бүх зүйл бодит зүйлээр нотлогдож байгаа учир Ц.Нямдоржид зайлшгүй хариуцлага тооцох ёстой гэж үзсэн.

-Ц.Нямдорж сайдын байр нь Г.Алтангийн зээлтэй холбогдож байна гэлээ. Яг яаж холбогдож байгаа юм бэ?

-Ц.Нямдорж сайд Г.Алтантай ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ олон зүйлээр нотолсон. Тиймээс энэ нотлогдсон зүйлийг нэг тийшээ болгож, хариуцлага тооц гэж хэлж байгаа юм.

-Сангийн сайдтай холбоотой “Хотгор шанага”-ын асуудлыг АТГ шалгаж байгаа. Мөн Төсвийн хууль зөрчсөн гэдэг асуудлыг тодруулаач?

-Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой асуудлаар нийтэд олон зүйл нотлогдож ил болсон. Төсвийн хууль зөрчсөн асуудлын тухайд Хүн амын орлогын албан татварт өөрчлөлт оруулж хоёр шатлалтай болгосон. Үүнээс болж 40 орчим тэрбум төгрөгийн төсвийн дутагдал үүссэн. Энэ 40 орчим тэрбум төгрөг зөвхөн төсвийн төвлөрсөн дансанд үүсээгүй. Бүх орон нутгийн дансанд үүсээд зайлшгүй төсвийн тодотгол хийх ёстой хуулийн заалтыг хийхгүй хууль зөрчиж байгаа гэдэг энгийн жишээгээр тайлбарлаж болох юм.

-Оюутолгой, Тавантолгой, “Эрдэнэт” үйлдвэрийн шалгалтын хүрээнд танайхаас дэд ажлын хэсэг байгуулагдсан.  Энэ хүрээнд ямар зүйл хийхээр төлөвлөж байна вэ?

-Уг ажлын хэсгийн удирдамжийг баталж, гурван ажлын хэсгийг зохион байгуулж ажиллахаар боллоо. Таван толгойн асуудал дээр гол анхаарах зүйл нь “Эрдэнэс таван толгой” компанийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаад санхүүгийн тайланг үзэх юм. Ялангуяа бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнүүдийн биелэлтийг зайлшгүй эргэж харах шаардлагатай. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахалж ажиллана.

Харин Оюутолгойн өнөөгийн нөхцөлд байдал, төслийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг нягталж үзэж, дүгнэлт гаргах ажлын  хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа,  “Эрдэнэт” үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал, тус үйлдвэрийг “Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудлыг шалгаж, дүгнэлт өгөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор тус тус ахлуулан ажиллуулахаар болсон.  Ирэх тавдугаар сарын 20-ны дотор ерөнхий дүгнэлтүүдээ бүлэгт урьдчилан танилцуулах үүргийг өгсөн байгаа.

-Энэ хаврын чуулга­наар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж амжих уу?

-Үндсэн хуулийн асуудлаар Ардчилсан намын бүлэг зарчмын байр сууриа илэрхийлсэн. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа ч хавтгайруулсан маягаар олон зүйл заалтыг өөрчлөх шаардлага байхгүй. Ажлын хэсэгт миний бие Ж.Батзандан гишүүн ороод, ажиллаж байгаа. Үндсэн хууль батлагдахдаа нийт ард иргэдийн дунд санал асуулга явуулаад, улс төрийн намууд, төрийн бус байгууллагуудтай бүрэн ойлголцолд хүрсний дараа УИХ-ын 76 гишүүн батлаасай гэсэн хүсэл эрмэлзэл бидэнд байна.

Түүнээс олонх 65-ын хүчээр өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн байдлаар Үндсэн хуульд гар хүрч болохгүй. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ажлын хэсгийн хуралдаанаас харахаар энэ хаврын чуулганаар багтаж Үндсэн хууль хэлэлцэнэ гэж итгэхгүй байгаа. Хэрэв МАН-ын бүлэг бүлгээрээ хуралдаад “Бид 65-уулаа энэ хуулийг батлаад явна” гэвэл асуудал шал өөр тийшээ эргэх болно.

-Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн мөнгийг олгох хуулийн төслийг хэлэлцэх байсан. Яагаад хойшлуулсан юм бол?

-Хүүхдийн мөнгөний тухай асуудлаар маш удаан хугацаанд улстөржиж байна. Өнгөрсөн долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар ч улстөржсөн асуудал гарсанд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслүүдээр хамтарсан ажлын хэсэг байгуулаад хэлэлцээд явсан бол илүү эрүүл байх байсан. ОУВС-гийн нэрийн доор хүүхдийн мөнгийг 100 хувь олгож чадахгүй гэдэг буруу.  

Хэрэв хүүхдүүдийн 80 хувьд олгоод үлдсэн 20 хувь 17 тэрбум төгрөг байгаа. Монгол Улс эдийн засгийн өсөлттэй, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өнөөдөр ийм өндөр байгаа нөхцөлд 17 тэрбум төгрөгийг хүүхдүүдээс харамлах шаардлага байхгүй. Тиймээс дээрх хоёр хуулийн төслийг хамтарч  хэлэлцээд явах нь зүйтэй гэсэн саналтай байгаа. МАН хүүхдийн мөнгийг улс төрд битгий ашиглаасай. Учир нь хүүхдийн мөнгийг ОУВС зөвшөөрөхгүй байна гээд 40 хувь болгосон. Үүний дараа 60 хувь болгоод, одоо ОУВС-гийн зөвшөөрлөөр 80 хувь болгож байна гэдэг худал.

МАН-ынхан сонгуулийн өмнө үлдсэн 20 хувьд нь хүүхдийн мөнгийг өгчхөөд “Бид 100 хувь хүүхдийн мөнгийг өглөө” гэдэг хуурамч улс төр хийнэ. Хүүхдүүдээр ингэж улс төр хийж болохгүй. 10 гаруй тэрбум төгрөг хүүхдүүдээсээ харамлаж байгаа бол энэ Засгийн газар байх хэрэггүй. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар “Стандарт” банканд 109 сая ам.доллар өгч чадаж байгаа хэр нь хүүхдүүдээсээ 10 гаруйхан тэрбум төгрөг харамладаг төр байгаад яах юм.

x