Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Алмаазаар дүүрсэн солирыг эртний гарагийн үлдэгдэл гэж дүгнэжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Алмахата Ситта солирыг анх олсон астрономич Питер Женискенс

Алмааз эрдэнээр дүүрсэн өвөрмөц бүтэцтэй солирыг манай нарны системийг үүсэн бий болох эхэн үед оршиж байгаад сөнөсөн эртний гарагийн үлдэгдэл гэж эрдэмтэд тогтоожээ.

Алмахата Ситта нэртэй энэ онцгой бүтэцтэй солир 2008 онд Суданы Нубийн цөлд унаж байв. Солирын бүтцийг нарийвчлан судалсан эрдэмтэд түүнийг манай нарны систем яаж үүссэн тухай онолын анхны биет нотолгоо гэж үзэж байна.

Одоогийн есөн гарагийг үүсэхээс өмнө нарны аймагт цөөн хэдэн мянган километрийн радиустай олон тооны биетүүд эргэлдэж байсан гэнэ. Эцэст нь тэд хоорондоо мөргөлдөж өнөөдрийн гарагуудыг үүсгэсэн гэж Францын Ecole Polytechnique Federale de Lausanne сургуулийн геофизикийн профессор Филипп Жилет ярьжээ.

Энэ онолыг батлах зүйл олох гэж эрдэмтэд олон жил ажилласан юм байна. Ингээд Алмахата Ситта солирын бүтцийг шинжилж, үүсэл гаралыг нь судлаад эртний гарагуудын үлдэгдэл мөн гэж үзжээ.

Судалгааны тайлан Nature Communications сэтгүүлд саяхан нийтлэгдсэн байна.

Ийм дүгнэлтэд хүрэхээсээ өмнө тэд солирын дотор тогтсон алмаазны талст бүтцийг электрон микроскопоор судалжээ. Алмаазны бүтэц нь маш өндөр температур болон даралтын дор бий болсныг харуулсан байна.

Ийм бүтэцтэй алмааз 20 гигапаскалиас дээш даралттай орчинд бүрэлдэх ёстой тул нарны систем анх бий болсноос хойш эхний 10 сая жилийн хугацаанд байсан гараг хэлбэртэй биетүүд дээр үүссэн гэж дүгнэжээ.

Эдгээр анхны биетүүдийн зарим нь эцэстээ хоорондоо мөргөлдөж өнөөгийн гарагуудыг үүсгэсэн бол зарим нь нарны аймгаас гарч явсан, зарим нь нартай мөргөлдөж сүйрсэн гэж үзэж байгаа гэнэ.

Харин Алмахата Ситта солир манай дэлхийд газардахаасаа өмнө хэдэн тэрбум жил нарны систем дотор хэрэн тэнэж байсан ажээ.

 

Эх сурвалж: Independent