2018/07/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B04
УЛААНБААТАР
26°
|
15°
B34
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
26°
|
15°
15:00
S102
24°
16:00
S45
23°
17:00
S45
23°
18:00
S45
23°
19:00
S102
21°
20:00
S102
20°
21:00
S44
19°
22:00
S44
17°
23:00
S44
17°
00:00
S44
16°
01:00
S102
15°
02:00
S44
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тэрбишдагва: Оюутолгойн маргааныг нэг тийш болгох луужин болно гэж найдаж байна

Б.Номин, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 12
Үндэсний шуудан
Гэрэл зургийг mpa.mn

Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн Дэд ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэгт та багтсан байна лээ. Ямар ажлууд хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Оюутолгойн ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, удирдамжаа боловсруулаад байна. УИХ-ын дарга М.Энхболд “Оюутолгой” компанитай байгуулсан гэрээ монголчуудад ашигтай эсэхийг нягтлах, Монголын талд ногдох өгөөжийг нэмэх боломжийг эрэлхийлэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг шалгах гэсэн ерөнхий чиглэл өгсөн. Үүнд тулгуурлан удирдамжаа боловсруулж байна.

Гишүүд ч удирдамжид оруулах санал, бодлоо хэлсэн байгаа. Ер нь Оюутолгой ордыг ашиглах гэрээг Дубайн гэрээгээр ч юм уу, хэсэгчилсэн байдлаар дүгнэж болохгүй. Тиймээс анхны түүхээс нь эхлээд нухацтай шалгах ёстой. Уг нь олон улсын, аудитын гээд олон л шалгалт хийсэн юм байна лээ. УИХ-ын Тамгын газрын Судалгаа шинжилгээний хэлтсийн хэд хэдэн дүн шинжилгээ, түүнээс гадна миний бие болон тухайн үеийн Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай хамтарч явуулсан шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт ч бий. Байнгын хороогоор олон шийдвэр гарсан. УИХ-аар дөрвөн ч удаа шийдвэр гаргасан.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гэхэд зургаан зөвлөмж гарсан санагдаж байна. Гэхдээ өнөөдөр энэ бүхнийг дахин нягталж үзээд, энэ олон тогтоол шийдвэрүүд яагаад, юунаас болж хэрэгжихгүй байгаа шалтгаан, нөхцөлийг тодруулж, дүгнэлт гаргахгүй бол болохгүй байна. Тэр үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Сангийн сайдын албан тушаал хашиж байсан хүмүүстэй ч уулзаж, тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй. Үүний дараа тодорхой, нарийвчилсан дүгнэлт гаргана. Ингэж байж Ажлын хэсэг ямар чиглэлээр нэмэлт шалгалт хийж, юун дээр ажиллах вэ гэдгээ шийдэх байх.

Ажлын хэсэг дотроо Дэд ажлын хэсэг байгуулахаар тогтоолын төслийг боловсруулсан. Тухайлбал, Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв санхүүгийн, дэд бүтцийн, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын дэд ажлын хэсэг, хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний биелэлт, үр дүнг тооцох, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны дэд ажлын хэсэг таван салбар дэд ажлын хэсгийг байгуулж, хариуцсан чиглэл тус бүрээр салбарын яам, агентлаг, судлаачид, эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна.

Ажлын хэсэг бодитой дүгнэлт гаргахад салбараа арван хуруу шигээ мэддэг мэргэшсэн, туршлагатай, ур чадвартай мэргэжилтнүүдийнхээ хүчийг ашиглана. Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн хараат бус экспертүүд ажиллах нь маш чухал. Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын хуралдаанаар оруулж хэлэлцүүлнэ. УИХ-ын гишүүдийн саналыг тусгасны дараа Засгийн газарт өгөх тодорхой чиглэл шийдвэр гарах байх.

-Та өмнө нь Шадар сайд байхдаа тухайн үеийн Уул уурхайн сайд, Сангийн сайд нартай хамт шийдвэр гаргаж “Оюутолгой” компанид шалгалт оруулж байсан гэлээ. Тухайн үед ямар дүгнэлт гаргаж байсан юм бол?

-Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар 2013 оны гуравдугаар сарын 25-нд Оюутолгой төслийн санхүүд баримтын шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан юм. Энэ ажлын хэсэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Уул уурхайн яам, Сангийн яам, Эрдэнэс Оюу толгой компаниас гээд 24 мэргэжлийн хүн ажиллаж, 2014 оны тавдугаар сарын 5-нд дүгнэлтээ гарган, Засгийн газарт танилцуулсан байдаг.

Тодруулж хэлбэл, 2010-2012 оны санхүүгийн тайланд судалгаа, дүн шинжилгээ хийж, баримтын шалгалт оруулахад 3.2 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илэрсэн юм. Үүнийг нэг бүрчлэн задалж яривал түүн дотор олон ноцтой асуудал байсан.

-Ямар зөрчлүүд илэрч байсан талаар та тодорхой баримт хэлж өгөх боломжтой юу?

-2009 оноос өмнөх хайгуулын ажилд зарцуулсан мөнгийг хөрөнгө оруулалтад оруулан тооцсон нь нотлогдсон. Оюутолгойн гэрээг үзэглэхээс өмнө хөрөнгө оруулагч тал нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлагнасан байдаг. Гэвч Сангийн яам, Татварын Ерөнхий Газрын ажлын хэсэг хянаад, 300-аад сая ам.долларыг хөрөнгө оруулалтад тооцох боломжгүй гэж үзсэн.

Уг нь Оюутолгойн гэрээг байгуулахдаа өмнө нь гаргасан зардлуудыг оруулахгүй гэж тохиролцсоноо албан ёсоор баталгаажуулсан байдаг. Гэтэл хөрөнгө оруулагч үүнийг зөрчиж, монголчуудыг басамжилж байгаа аятай 2004, 2005 онд хийсэн хайгуулын зардал болох 100 сая ам.долларыг оруулсан байх жишээтэй. Үүнийг шархаа нөхөж, гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан зардлыг хуваалцаж, үүрэх гэсэн үйлдэл гэж харж байгаа. Яаж ч бодсон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнөх хайгуулын зардлын эрсдэлийг бид үүрэх албагүй. Тийм үүрэг ч гэрээгээр хүлээгээгүй.

Мөн нэг компаниар дамжуулан ихэнх ажил, үйлчилгээг явуулсан нь анхаарал татаж байгаа юм. “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, үйл ажиллагааны зардлын 45 хувийг зөвхөн “Флуор” гэх Хятадын компаниар анхан шатны баримтгүйгээр гүйцэтгүүлсэн зөрчил илэрсэн. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн.

Түүнчлэн “Жиангсу Жианду” компанид “Оюутолгой” төслийн барилга угсралтын ажлыг хийлгээд хөлсийг өгөхдөө 52.6 сая ам.доллар илүү шилжүүлсэн байдаг. Мөн хөрөнгө оруулалтын хоёрдугаар шатны зардлаар бүртгэсэн 435.3 сая ам.доллар хууль зөрчсөн төдийгүй баримтаар нотлогдоогүй байсан. 121.5 сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг “РиоТинто” компани “Туркойз хилл ресурс” компаниас худалдаж аваад буцаагаад “Оюутолгой" компанид 195.4 сая ам.доллараар тооцон худалдсан дүнгээр өрийн бичиг гаргасан байх жишээний.

Түүнчлэн Монгол Улсад огт хийгдээгүй, гадаадад хийгдсэн хөрөнгө оруулалтыг хүртэл манай талын төлөх зээлд оруулаад бичсэн байсан. Тодруулбал, “Оюутолгой” компани 2010-2012 онд нэг тэрбум, 126 сая ам.долларын үнэ бүхий үйлчилгээг гадаадаас авсан байдаг. Энэ мэт Монголын талтай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, хүчин төгөлдөр байхад манай улсын хуулийг илтэд зөрчин зардлаа дураараа өсгөж байгааг юу ч болоогүй юм шиг хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй байсан юм.

Тиймээс хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, зөрчлийг шийдвэрлэхээр бид шаргуу ажиллаж байсан ч Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан. Тэгээд л дараагийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нууцаар гадаад руу нисэж, маш олон мэргэжилтнүүдийн жил гаруйн хугацааны хүч хөдөлмөрийн үр дүнгээр илрүүлсэн зөрчлийг Дубайн гэрээгээр бараг хүчингүй болгочихсон шүү дээ.

-Татварын актыг нь хүртэл өөрчилсөн гэдэг бил үү?

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өндөр мэргэжлийн хүмүүс орж ажилласан. Мэргэшсэн ажилтнуудынхаа гаргасан дүгнэлт, тавьсан актанд итгэхгүй юм бол өөр хэнд, юунд итгэх болж байна. Санхүүгийн баримтаа үзээд, ямар хөрөнгийг юунд зарцуулсан, баримт нь хаана байна гээд нарийн тулгалт хийж бүртгэсэн. Тийм байтал шалгалтын дүнд эргэлзэх нь утгагүй. Манай татварын байцаагч нар буруу тооцоолол хийсэн, хэлний мэдлэг дутмаг нь нөлөөлсөн гэж бид өөрсдийгөө дутуу үнэлж, гадаадынханд таагүйгээр ойлгуулсан гэдэг.

Үнэндээ манай татварын байцаагч нар чадварлаг, мэргэшсэн хүмүүс. Харин “Оюутолгой” компани нэгэнт л Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол тэд манай хууль, дүрэм, журмыг мөрдөх учиртай. Гадаадын хөрөнгө оруулалттай том төсөл хэрэгжүүлж байна, гадаадаас үйлчилгээ авлаа гээд татвар төлөхгүй гээд бултах эрх байх ёсгүй.

Тухайн үедээ татварыг төлнө, төлөхгүй гээд маргаан гаргахад зөвлөлөөр хэлэлцээд 30 сая ам.долларыг эхний ээлжинд яаралтай төл, үлдсэн 100 сая ам.долларыг нь баримтаа гаргаж ирж баталж чадахгүй бол төлнө шүү гэж хугацаа өгч хойшлуулсан юм билээ. Гэтэл Дубайн төлөвлөгөө нэртэй гэрээ байгуулаад, зөвхөн л 30 сая ам.долларыг төлчих, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгоё гээд 100 сая ам.долларын татвар нэхэх, авах боломжгүй болгосон юм.

-Энэ том төслийн гэрээг анх чамбай хийсэн бол өнөөдөр ингэж хүнд байдалд орохгүй байх байсан болов уу?

-Тийм шүү. Гэрээ байгуулах үед ч хөрөнгө оруулагч талд илт давуу байдал бий болгосон, алдаа гаргаж байна гэдгийг анхнаас нь сануулж, сайжруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгч л байлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, С.Эрдэнэ, Д.Ганхуяг, З.Энхболд гээд бидний хэдэн улстөрч нам үл харгалзан Монгол Улсын талд ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байсныг хүмүүс мартаагүй байх. Тухайн үед ‘Өмнө нь боловсруулсан төслөөс ч дордууллаа, эх орныхоо хэвлийд байгаа энэ их баялгаа ашиглах гэж байгаа атлаа “Оюутолгой" төслийн 34 хувийг өндөр хүүтэй зээл авч эзэмшдэг нь ямар учиртай юм” гэж их ч хэлсэн дээ.

Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль гээд олон хууль тогтоомжийг өөрчилж хийсэн юм шүү дээ. Тухайн үед бид цөөнх болж “төсөл гацаагчид” гэж элдвээр цоллуулж дуудуулж байсан. Бидний үгийг болон эрдэмтэн мэргэд, мэргэжлийн хүмүүсийн зөвлөмж саналуудыг ч үл тоон хүч түрэн гэрээг баталсныг санах хүн олон байгаа. Тэглээ гээд бид хойш суугаагүй. Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оноос хойш засаж сайжруулахын л төлөө ажилласаар өнөөдрийг хүрсэн. Тухайн үед хэлж шаардаж байсан олон асуудал зөв байсан нь нотлогдон, зарим байдлаар батлагдаж байна. Миний хувьд “Оюутолгой” төслийг гацаах гээд байгаа юм биш.

Төслөө эргэн харж, засаж сайжруулах, Монголын талд ногдох үр өгөөжийг нэмэх, зардлаа өсгөөд ашиг хуваах хугацааг сунгаад байгаагийн шалтгааныг эргэж харахыг хүссэн хэрэг. Түүнчлэн борлуулалтын орлогоо Монголын банкаар заавал дамжуулах, зээлсэн мөнгөний хүү хэт өндөр байгааг бууруулах шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлсээр ирсэн. Одоо ч энэ байр суурь дээрээ хатуу зогсдог Хүчин мөхөстсөн уе бишгүй л байлаа. Гэхдээ Монголын төр зөвхөн нам болон үндэстэн дамжсан олигархуудын дохиураар мөнхөд замнах ёсгүй ээ.

-Зарим гишүүний хувьд Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг шинээр үзэглэх боломж гарч ирлээ гэж байна. Одоо тэр өөрчлөх боломж нь гарч ирж байгаа юм биш үү?

-Миний хувьд Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний үр дүн, эерэг сөрөг тал болоод хамгийн гол нь Монгол түмний эрх ашигт хэр нийцэж байна вэ гэдэгт тулгуурлаж дүгнэлт гаргана гэж бодож байна. Харин гэрээнд өөрчлөлт оруулах, үгүй нь дараагийн асуудал. Одоо энэ талаар ярихад эртэднэ. Ер нь шалгалт ч эхлээгүй байхад нийгмийг бухимдалд хөтөлсөн, хүлээлт үүсгэсэн хэтэрхий мэргэн жараахай шиг мэдэмхийрсэн мэдээлэл цацах нь буруу.

Тиймээс Дэд ажлын хэсгийг байгуулж, салбар салбарын чадвартай мэргэжилтнүүдийг ажиллуулж, тэдний судалгаа, шинжилгээ ажлын үр дүнд тулгуурлан Ажлын хэсгүүд дүгнэлтээ гарган, ажиллах ёстой. Мөн ТББ-ын төлөөллийг ажлын хэсэгт оролцуулж санал зөвлөмжийг нь тусгах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, УИХ-ын дарга захирамж гарган

Ажлын хэсэг байгуулж байгаа нь цаг, нүдээ олсон зөв шийдэл бөгөөд олон жилийн маргааныг нэг тийш нь гаргах луужин болно гэж найдаж байгаа. Тэгэхээр том зорилготой, нийгмийн захиалга, хүлээлттэй энэ шалгалтыг явуулахад Ажлын хэсгийнхэнд хариуцлагатай, шударга, ажиллах түүхэн ач холбогдолтой үүрэг ногдож байна хэмээн хүн бүр ухамсарлан ажиллах ёстой.

x