Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Төв талбайд 500 сайн дурынхны флаш моб болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“Сайн үйлсийн өдөр-2018” нэгдсэн өдөрлөг Сүхбаатарын талбайд 2018 оны 4 дүгээр сарын 15-ны Ням гарагт зохиогдох гэж байна.

Дэлхийн 90 гаруй орны иргэд жил бүрийн 4 дүгээр сард сайн дурын үндсэн дээр нийгмийн сайн сайхны төлөө нийтэд тустай ажил өрнүүлж “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг 2007 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд зөвхөн 2017 оны “Сайн үйлсийн өдөр”-өөр дэлхийн 93 орны 2,500,000 сайн дурын идэвхтэн 20,000 төрлийн төсөл, санаачилга хэрэгжүүлэхэд 6,700,000 цаг зарцуулсан байна.

Манай улсын хувьд Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ (СДБС) нь Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй сайн дурын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн гишүүнчлэлтэй, нийгэмдээ үйлчилдэг байгууллага юм. Энэхүү байгууллага нь 2017 оноос эхлэн “Сайн үйлсийн өдөр”-ийн Монгол дахь үндэсний зохион байгуулагчаар ажиллаж байна. 

Энэ жил “Сайн үйлсийн өдөр-2018” нэгдсэн өдөрлөгийг Монголын сайн дурын үйл ажиллагаа эрхэлдэг бүхий л байгууллага болон сайн дурынхны хамтын ажиллагааны хүрээнд томоохон арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 

Та бүхэн энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирснээр Монголд үйл ажиллагаа явуулж буй сайн дурын байгууллагуудын талаар болон цаашид нийтэд тустай сайн дурын үйл ажиллагаанд хэрхэн нэгдэх, оролцох талаар мэдээллийг авч, нэгдэх боломжтой юм.

Мөн анхны тусламжийн үзүүлэн сургалт, 500 сайн дурынхны флаш мобыг олон нийтэд хүргэнэ. 

Өдөрлөг энэ 4 дүгээр сарын 15-ны өдөр 14:00-16:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно. Та бүхнийг идэвхтэй оролцож, нийгмийн сайн сайхны төлөө бидэнтэй Сайн үйлсэд нэгдэхийг урьж байна.

 

Эх сурвалж: Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ