Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Африк тив хоёр хуваагдаж байгааг геологичид баталжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Саяхан Кени улсын баруун өмнөд нутагт хэдэн километр үргэлжилсэн хагарал үүссэн юм. Уг хагарал үргэлжлэн нэмэгдэж, Найроби-Нарок чиглэлийн хурдны замыг тасалсан бөгөөд газрын чичиргээ үе үе мэдрэгдэх болжээ.

Дэлхий бол байнгын хөдөлгөөнд оршдог. Тектоник хавтангуудын хөдөлгөөн үүний нэг жишээ юм. Гэвч тэдний ихэнх нь хүмүүст анзаарагдалгүй явагдаж байдаг.

Харин энэ удаагийн үзэгдэл нь Африк тивийг хоёр хуваагдаж байгааг харуулж байгаа гэнэ.

Дэлхийн бөмбөрцгийн литосфер гэгддэг цардсын дээд давхарга хэд хэдэн тектоник хавтангуудад хуваагддаг байна. Тэд өөр хоорондоо түлхэлцэн хөдөлж байдаг. Үр дүнд нь газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтүүд тохиолддог юм.

Зүүн Африкт болж буй үйл явдлыг эдгээр хавтангуудын хөдөлгөөнөөр тайлбарлаж байна. Африкийн тектоник хавтан нь Сомалийн болон Нубийн дэд хавтангууд болж хуваагддаг.

 

Эдгээрийн заадас нь хойд талдаа Адены булангаас урагшаа Зимбабве хүртэл 3,000 орчим километр үргэлжилдэг байна.

Энэ хуваагдал саяхан гэнэт болоогүй, бүр 30 сая жилийн өмнөөс хойд Этиопт эхний цуурал бий болж, жил бүр 2.5-5 см-аар урагш ахиж байсан гэж судлаачид мэдээлжээ.

Харин сүүлийн үед үйл явц хүмүүст мэдрэгдэж цаашдаа Африк тив одоогийнхоосоо багасаж, Энэтхэгийн далайд Этиоп, Сомали улсуудын газар нутгаас бүрдсэн томоохон арал үүсэх гэж байгаа гэнэ. Гэхдээ энэ үйл явц дахиад олон сая жилийн хугацаанд үргэлжлэнэ гэж тооцоолжээ.

Харин тэр хүртэл газар хөдлөлт, газрын хагарал үргэлжилсээр байх гэнэ.

Эх сурвалж: Quartz